Tuesday, September 27, 2011

Intoduction to A Patch of White Mist by Ruth O'Callaghan


Mend-Oyoo’s poetry is firmly rooted within his Mongolian heritage – a heritage that is simultaneously embedded within and distinct from the entire universe. Hence, from the very opening poem In Search Of Myself the poet engages us not only with a superb lyricism but also a profound philosophy that has obviously been garnered over many decades of reflective study.
Meditation allows him, no, impels him, towards an empathetic identity with the whole of creation. This relationship encompasses the winds on his beloved steppe – where he led a nomadic life - as well as being ‘worn away with the rocks’ and journeying ‘to heaven with the last old man who can intone epic tales.’ In his affinity he crosses boundaries that may be viewed as an impediment to lesser mortals, and even now, in his mature years, he continues his quest to discover his own unique position, the raison d’etre for his existence.
I exist in unnumbered places, I go everywhere,
wandering and withering away in my search for embodiment.
(In Search Of Myself)
Such persistence, such courage, is not given to everyone - most would simply settle for a philosophy by which to exist comfortably within the world, and quite possibly a limited world at that. The poet’s deep involvement with Buddhism fuels his philosophy and from this life-long involvement he draws his strength. This strength lends an urgency to Mend-Oyoo’s poetry in his chronicling of his pursuit of selfhood that is so lucidly and lyrically expressed that he has indeed
…I sewed my poem-children with a perfect silken thread.
(Song Of The Moon)
Despite achieving an acknowledged eminence in many fields including, as is evident here, being a distinguished poet, his humanity is evident in his love of his family and willingness to engage in the simplest of tasks to give even the youngest of them great pleasure.
….for my grandson Bilgüüdei I have cut a felt fox.

(The Cycle Of The Life Of Stars And The Way Of Men)

Mend-Oyoo’s position as the President of the Academy of Poetry and Culture necessitates that he travels throughout the world, engaging in conferences and projects which impact upon world literature yet, as he so endearingly indicates,
Far from home, I am suffering, missing my wife’s tea.

(The Cycle Of The Life Of Stars And The Way Of Men)

His travels began many decades ago when he moved from the steppe to the capital and spent years becoming used to a noisy city. His adaptation to a totally foreign life to that of his boyhood may be regarded as complete when one hears his mobile phone constantly ringing, his office crowded with visitors from Russia, England, Korea, America, in fact from all points of the compass. However, his heart remains faithful to the old ways learnt on the blue-haze steppe, including veneration of his ancestors. Despite all his achievements the modest Mend-Oyoo knows that to leave behind one’s heritage is to court disaster.
When the sorrowful horse fights against its homeland,
When the dark mirage runs away towards the plain,
Then, even the human child's freedom is hindered.
(When The Sorrowful Horse Fights Against Its Homeland…)
The rich tapestry of poetry which Mend-Oyoo weaves will live long in the mind of the Western reader. His exploration of the intimate connection between the personal and the universal is expressed with delicate perception and an undoubted gift for language. An added bonus for Western readers is that the book is an informative, introductory insight into the Mongolian psyche – a psyche which embraces the topography not simply of Mongolia or even the universe but of the world beyond this world, an ‘otherness’ which travels with the poet as surely as his nomadic ancestors.

Friday, September 16, 2011

яруу найраг гэж юу вэ?....


/2006 онд бичсэн нэгэн нийтлэлийнхээ төгсгөлийн хэсгээс.../

..... Би урт холын аянд нисч явахдаа яруу найргийн тухай яриа яахлаараа дандаа дүүлэн нисэх утга агуулгатай байдаг билээ хэмээн бодож суув. Ер нь яруу найраг гэж юу вэ? Гэсэн асуултанд хамгийн сонгомол тодорхойлолтыг хэн өгсөн билээ? гэж ном судар онгичиж үзэв. Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчих гэвэл мэдэхээ байчихдаг” гэснийг хамгийн оносон хариулт гэж үзсэн ч байна. Яруу найргийн тухай, яруу найргийн үг хэлний тухай ч юмуу тодорхой нэг хэсэг ойлголтын тухай бол оночтой үг олон байнаа. Яг, яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд төгс хариулт одоо болтол гараагүй юм байна даа хэмээн бодоход хүрлээ.
Саяхан нэг өдөр Дэлхийн Яруу Найргийн өдрийг тэмдэглэх тухай бодож суугаад Явуухулан багшийнхаа “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх алдарт шүлгийг дахин уншаад ганцаараа дуу алдаж, босон харайлаа. Тэрбээр яруу найргийг,

УХААН БОДЛООС БОСООГООРОО ТӨРСӨН ГУУРСТ ХҮЛЭГ

хэмээн тодорхойлжээ. Морин дэл дээр нисч омог омогшил авсан Монгол найрагчаас өөр хэн ингэж томъёолж чадах билээ? Чухам бидний эрээд хайгаад байсан яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд өгсөн төгс хариулт энэ л байна. Би эрснээ оллоо! Олох олохдоо Монголоосоо оллоо!
Монголын үр сад бидний морин дэл дээр нисч ахуйд “ухаан бодолд” өдөлсөн тэрхүү онгодын “гуурст хүлэг” буюу яруу найргийн жигүүр дэвэн дүүлэх цаг болоод нөхцөл нь бүрдвэй. “Гүү-үү-үү-үүг”!

Яруу найрагч Г.МЭНД-ООЁО.

Улаанбаатар. 2006.III

НЭГЭН АЯЛЛЫН ТОД ЗУРАГ



/ Хүннү гүрний түүхт ойг олноороо ярьж буй энэ үед манай нэрт түүхч Гүнжийн Сүхбаатарын тухай бичсэн хөрөг, эргэцүүлэлээ нийтэлж байна. /

Хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорч аугаа их түүх соёлоороо бахархах зүрх сэтгэлийн минь галыг бадрааж өгсөн юм. Тэдний нэг нь их түүхч Гүнжийн Сүхбаатар гуай байлаа. Би түүнтэй их л хожуу танилцсан юм. Ерөн гурван оноос манай Соёлын сан “Монгол сувдан сондор” нэртэй соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулж, түүндээ монголынхоо нэрт түүхч археологич судлаачдыг урьж оролцуулдаг байв. Мэдээж хамгийн түрүүнд урих хүний нэг нь Гүнжийн Сүхбаатар гуай байв. Ийнхүү тэр их хүнtэй аяны дөрөө харшиж, Хүннүгийн хаадын онгон орших Хараагийн Ноён уул, Түрэгийн хаадыг онголсон Хөшөө цайдам, Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийд, Цогт хунтайжийн номын өргөө байсан цагаан балгас гээд Монголынхоо түүхийн алтан мөрүүдийг бичиглэсэн газар орноор аялж мэргэдээс ном сонсож, чих онгойж, нүд нээж явлаа. Тэр нэгэн аяллалын турш би Сүхбаатар гуайгаас холдсонгүй. Бид хөшөө цайдамд хүрч ирэхэд Түрэгийн Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс рүү Сүхбаатар гуай маань шунгаад орчихов. Үнэхээр эртний судлалын эрдэмтэн хүнд түүх соёлын энэхүү ховор чухал дурсгалын үг үсэг бүрийн халуун мөрийг нүдээр үзэж гараар тэмтрэх нь хосгүй завшаан буй заа. Гэрэлт хөшөөнд хожим нэмж Сандо амбаны бичүүлсэн бичээсэнд тэрээр тийм ч таатай хандахгүй байв. Сандо амбан чинь тэр цагт Монголын түүх соёлын өвийг хамгаалж засварлуулж их ажил хийсэн юм байна шүү дээ гэж хэн нэгэн нь өдөхөд Сүхбаатар гуай Монголын түүхийн хувь заяанд Манж, Хятадын зүгээс нөлөөлсөн муу үр дагавруудыг зад шүүмжилж гарлаа. Тэрбээр Хубулай хааны талаар тун таа муутай явдаг нь илт. Монголын тусгаар тогтнолын түүхэнд хар толбо үлдээсэн хэнбугайг ч бай зад шүүмжилэхэд бэлэн явна. Өндөр гэгээний улс төрийн үйл хэргийн талаар ч бас тийм таатай үг хэлсэнгүй. Түүний зүрхэнд эх орны түүхэн үйл явдалын амьд халуун мөрүүд урсан өнгөрч, сэтгэл нь нэг үе омог бахархлаар дэврэн оргилж, нэг үе харуусал эмзэглэлээр шаналж өвдөж байх шиг санагдана. “Монголын түүхийн дээж бичиг” хэмээх нэг чухал номынхоо оршилд түүний бичсэн нэг тод өгүүлбэр бий. “Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйл, гайхамшигт бүтээл туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” хэмээн бичсэн нь түүхээр зөвхөн бахархахын хамт эх орны тусгаар тогтнолын бартаат сургамжийг ямагт санаж явахын учрыг хойч үеийнхэндээ сануулан сэнхрүүлсэн их түүхчийн зүрхний цусаар бичигдсэн үг тэр буй заа. Сүхбаатар гуай түүхэн хүмүүсийн гавьяаг бахдахын хамт алдаа согогийг хайр найргүй шүүмжилнэ. Тэрхүү алдааг үл уучилна. Манайханы зарим нь түүнтэй саналын зөрүүтэй бодлоо хааяа хэлэх боловч тэрбээр юуг ч үл сонсон, ямар ч аугаа түүхэн хүний алдааг үл уучилна. Харин энэ тухай би тийм тийм номынхоо төд дэхь хуудсанд биччихсэн байгаа хэмээн уншихыг сануулна.Түүний энэ араншин баахан зөрүүд хүний байдалтай мэт санагдах авч түүхийн гашуун сургамжийг хэзээ ч үл давтаасай хэмээсэн эрдэмтэн түүхч хүний гал халуун эх оронч зүрх сэтгэлийн нь тодхон зураг болж хоногшин үлджээ.
Бид Хараагийн Ноён ууланд ирлээ. Хүннүгийн хаад ихсийн онгоныг хадгалсан энэ оронд эртний түүхийг нэвтэрхий судалсан их эрдэмтэнтэй цуг өнгөрүүлсэн хэдэн мөч минь юутай үнэтэй билээ. Ноён уулын онгон маань бидний сүсэглэж очсоноор онгон зэрлэг, газар орон байсангүй. Баахан сэндийлсэн нүх, овоолсон шороо. Эндээс Козловын малтлага хийсэн Хүннүгийн хаадын дурсгалт их эд өлгийн соёлын үнэт зүйлс нь Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй бөгөөд манай түүхийн музуйд ширдэгний өөдөс тэргүүтэн жаахан юм бий л дээ. Ядахдаа энд нэг сайхан пайз босгож, үүх түүхийг нь бичээд харуул хамгаалалтай болгох сон гэж бид ярьж явлаа. Уулын ам өгсөөд модон дундуур баахан алхав. Сүхбаатар гуай маань харин энд дуугаа хурааж дүнсийчихэв. Уул нь бид малтлага хийсэн онгоныг бүртгэж явсан юм. Гэтэл хуучин алтны уурхайн гаргасан хонгил нүх, хэргээ бүтээгээд гээгдсэн техникийн сэг, мөнөөх өвгөдийн онгоны малтсан малтаагүй булштай холилдоод толгой эргүүлчихэв. Энд хэзээ нэгэн цагт алт ухсан хүмүүс булш бунханыг хөндөж сүйтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр энэ Ноён ууланд байгалийн их алт, соёлын их алт эрдэнэстэй холилдон оршиж байжээ. Аль алиныг нь ухаад ачаад явчихаж. Нэгэн бодлын гунигтай. Сүхбаатар гуай цүнхээ уудалж баахан зураг тэмдэглэл гаргаж ирээд энэ булшнаас ийм ийм юм гэрсан, тэрнээс тийм тийм юм гарсан гээд нүдэнд харагдтал ярьж явав. Малтлага хийгээд их юм олох ч яахав, дараа нь дээдсийн оршсон энэ газрыг хэрхэн хадгалах, хамгаалах, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, хайрлуулах талаар түүхчид та нар юу хийх ёстой вэ гэх маягийн сэдвээр яриа өдөв. Түүхч маань баахан сэтгэл өвдсөн маягтай. Ноён уулыг ийм сэг болсон онхол цонхол, нүх довноос өөр юмгүй орон гэж төсөөлөөгүй болтой. Г.Сүхбаатар гуай,Н.Цүлтэм гуай, С.Эрдэнэ гуай бид хэд булш болгоныг дугаарлаж, зураглалыг гаргаж, тэмдэгжүүлэх, алсдаа энд нь нэг сайхан үзмэрийн понарам байгуулах тухай санал боловсруулж болох юм гэж ярьж зогслоо. Би Сүхбаатар гуайгаас та энд олон ирсэн үү гэж асуугаад мэл гайхав. Тэрбээр энд анх удаагаа ирж байгаа ажээ. Та чинь тэгээд судлаад л байсан биз дээ гэхэд эрдэмтэн тийм гэснээс өөр юм хэлсэнгүй. Нүд нь баахан гунигтай болж ирээд намайг чинь эсэргүү үзэлтэн, үндэсний үзэлтэн энээ тэрээ гээд гадагш ийш тийш явуулдаггүй, томилолт өгдөггүй байсан юм шүү дээ хэмээн харамсангүй өгүүлэв. Түүний амьдрал, бүтээлч үйлсийн нэгэн хэсэг цаг үеийг нь хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран өнгөрсөнийг бид мэднэ. Тэрбээр алдсан цаг хугацаагаа нөхөн авах эрч хүчийг хуримтлуулж байна уу гэмээр хөнгөн шингэн, өглөө эрт босоод гүйнэ. Биеийн тамир хийнэ. Бид түүнийг уртнаслах байх улам л их юм хийх байх гэж бодож явлаа. Гэвч хорвоо энэ их түүхчийг төрүүлж, монгол улсад хүлээлгэн өгсөн шигээ бас нэгэн өдөр буцаагаад аваад явчихсан юм. Тэр нэгэн намар түүхчийн зүрх зогсчээ. Жинхэнэ гал халуун эх оронч түүхчийн зүрх зогссоныг би их л хожуу дуулж, ганцаараа баахан гуниглаж суусан билээ. Түүний зүрхэнд эх орны мянга мянган жилийн түүх, бахархах бахархалтайгаа, халаглах харамсалтайгаа багтаж байх шиг санагддаг асан билээ. Одоо надад тэр их хүнтэй шадарласан нэгэн аяллын халуун агшинуулыг бичиглэсэн хэдэн гэрэл зураг л үлджээ. Бас өөрийн судалгааныхаа арга барилыг үзүүлсэн ноён уулын соёлтой холбоотой зурагт тэмдэглэл нь бас хадгалагдаж үлджээ.

Ах минь явчаад эргэж ирсэнгүй
Аль алинаасаа салан холдох нь хялбар
Ахин бие биетэйгээ уулзах нь хэцүү…
Энд эх нутаг минь үзэгдэхгүй нь
Элэг зүрхийг минь шимшрүүлнэ.

Эртний түүхийн халуун мөрийг шингээсэн энэ шүлгийг их эрдэмтэн
Г.Сүхбаатар ах маань орчуулсан байдаг юм. Үүнийг түүхчид төдийгүй зохиолчид, манай эртний яруу найргийн нэгэн эрдэнийн шигтгээ хэмээн тэмдэглэх боллоо. Монголын Сяньби аймгийн үед зохиогдсон энэхүү “Ахын дууг” одоо би таныг дурсахдаа дуулмаар санагдаж байна. Та түүхч төдийгүй бас сайн орчуулагч байжээ. Таны орчуулгаар эртний өвгө дээдсийн зүрхний халуун айзмыг бид яруу найргаас мэдэрч байна.
Энгүй их энэ эрдэмтнийг дурсахад элэг зүрх минь шимширнэ. Тэр сайхан эрүүл чийрэг хүний зүрх тийм амархан зогсох гэж үү? Гэвч амьдрал шимширэлэээр дүүрэн. Түүний зүрх ч эх орныхоо түүхийн шимшрэлээр дүүрэн байсан байх аа. Шимшрэл халаглалын эмзэг хүнд ачааг зүрхэндээ тээж явна гэдэг бага ачаа гэж үү?
Он цаг урсан өнгөрч, бүх юм улиран одлоо ч эх орончийн зүрх сэтгэлийн халуун элч үл хөрмүй.


Г.МЭНД-ООЁО.

2007

Monday, September 12, 2011

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ”


/Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд/
Г.МЭНД-ООЁО

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН
ЯРУУ НАЙРАГТ ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТ
Жамцын Бадраагийн туурвилын сан хөмрөг дотор яруу найргийн орчуулгын бүтээл том байр суурь эзэлнэ. Түүний орчуулгын бүтээлийн томоохоноос дурдвал Орос хэлнээс “Евгений Онегин”, дуурь “Лусын дагина” дуурь, санскрит хэлнээс “Энэтхэг цэцэн үгс”, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ыг орчуулсан байна. Өнөөдөр бид Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, гүн ухаантан Рабиндранаат Таагүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал” хэмээх суут бүтээлийн монгол орчуулгын яруу найргийн өв санг эргэн ажиглахыг хүсч байна.
Одоогоос 40 гаруй жилийн өмнө Ж.Бадраа агсан энэ сод бүтээлийг орчуулахдаа дорнын бичгийн мэргэд томоохон туурвил бүтээлдээ зориулж төгсгөлийн шүлэг бичдэг уламжлалаар “Өргөлийн дуулал орчуулсан тухайд” хэмээх төгсгөлийн шүлэг (1964 онд) бичжээ. Тухайн үеийн үзэл сурталын шалгуураар орж төгсгөлийн шүлэг нь нийтлэгдээгүй ч зохиогчийн эрдэм номын сан хөмрөгт нь үлдэж хоцорсон байна. Одоо энэ шүлгийг үзье.
“Өргөлийн дуулал” орчуулсан тухайд
“Амрахын чөлөөнөө алгасал үгүй тавтай тухтай
Амин насны төгөлдөр өргөлийн дуу дуулмаар санаднам!”
Хэмээн соён айлдсан эрдмийн гэгээн Таагүр таны
Хэмэш үгүй гүн яруу “Өргөлийн дуулал” үүнийг
Хэтэрхий гүйхэн сурлага, арвис дургандаан гонсойлгүй,
Хэнхэдгийн чанад хураасан сан нимгэнээн чамлалгүй,
Үзэг зүрх хоёрынхоо мохоогүй байгаад эрэмшин
Үлгэрийн орон шиг Энэдхэгийг үзэж харсандаан урамшин
Даамай хурц нарны нь төөнөх илчинд амьсгаадаад,
Дал, бибал модны нь төгөлдөр сүүдэрт амсхийж,
Тогос бүжин залах Ягшасын зардас үүлний нь
Тогтоолтой хугацаанд авчирдаг хурын рашааныг амталж,
Хаан Гүдүбүддийний байгуулсан хан өндөр цамхаг дээрх
Хар Охин Зарц таны өлмийн оронд бараалхаж,
Шар нохой жилийн зургаан сарыг зарцуулан
Шамдаж шимтэж байж Хинди гадарласан буянаар
Харагчин туулай жилийн өвлийн тэргүүн сар
Хавтай урин улирлын өлзийт хорин долооноо
Эгшиглэнт монгол хэлнийхээ эрдэнийн алтан самбар дээр
Энэдхэг хиндии хэлнээс эвлүүлэн хөрвүүлж төгсгөвэй.
Өөрийн биеийг дөвийлгөж нэр горилсон минь бус
Өвгөд дээдсээс уламжилсан нэгэн заншлыг хүндэтгэж,
Судар номыг орчуулсны учрыг өчин мэдүүлэх
Сулхан атугай ч үнэн хэдэн мөрийг хэлхэлтэй!
Дээрээн ахлах мэргэд буйд өчүүхэн биеэн өргөж
Дэмий хоосон бардамнан өрвийж сөрвийх хэрэг юун?
Доороон залгах дүүнэр буйд номхон даруу болох гэж
Дотроон санаснаан илтгэхгүй нормойх урвайх учир юун?
Эцэг эхийнхээ хайрласан Бадрангуйцогт нэрийг
Эз дутсаны харгаагаар эвдэж хураан зуршуулсан
Салан хэлмэрч миний мэтгэж монголчилсон энэ ном
Санаа сайт түмнийхээн тааллыг хүртэх болоосой!
Буруу зөвийг дэнслэх өнөө маргаашийн мэргэд
Бундуу нахиа мэт дэлгэрэх үе хойчийн залуус
Буцлам халуун сэтгэлээр ослы минь ялган айлдваас
Булчин шөрмөс сунасны минь дээдийн заяа тэр буй заа!
Ж.Бадраагийн төгсгөлийн шүлгээс үзэхэд өргөлийн дууллыг орчуулсан тухайд хэд хэдэн чухал баримтыг бид олж харж болохоор байна.
1. Өөрийн сурсан эрдмээ нимгэн хэмээн чамлалгүй орчуулахаар зориглосоноо өгүүлж,
2. “Үзэг, зүрх хоёрынхоо мохоогүй байгаад эрэмшин”, өөрөөр хэлбэл энэхүү дууллыг орчуулах зориг зүрхтэй насныхаа омогийг бахадаж,
3. “Үлгэрийн орон шиг Энэдхэгийг үзэж харсандаа урамшин”, Р.Таагүрийн эх орныг нүдээр үзсэн нь орчуулгын ажилд ихээхэн түлхэц болсноо хэлж,
4. Эртний Энэдхэгийн суут зохиолч Галидасын “Үүлэн зардас”-ын “хурын аршаанаас амталж” түүний орчуулгын уламжлал, аяс намбыг баримталж
5. “Шар нохой жилд зургаан сар зарцуулан шамдаж шимтэн байж Хинди гадарласаны баянаар” уг зохиолыг орчуулах нөхцөл нь дээрх хэд хэдэн хүчин зүйлээр бүрдсэнийг шүлэгт маш тодорхой товчоолсон байна
6. “Харагчин туулай жилийн өвлийн тэргүүн сарын хорин долооноо” орчуулан төгсгөжээ. Энэ нь 1964 он байна.
“Өргөлийн дуулал”-ыг орчуулахдаа зохиолч их зохиолчийн Нобелийн шагналт бүтээлийг монгол уншигч олныхоо сэтгэл оюунд толилуулах эрдэм соёлыг эзэмшсэнхийхээ чадлыг сорих урам итгэлдээ дулдуйдаж, яруу найргийн дорно дахины орчуулгын эртний уламжлалыг баримтлахыг чухалчилан монгол хэлний яруу найруулгын боломжийг чадамгай хэрэглэх зорилго талбиж, түүнээ биелүүлжээ гэж үзэж болно.
Р.Таагүр бенгаал хэлээрээ “GITANJALI хэмээн нэрлэсэн энэ дуулалаа 1912 онд англи хэлнээ үргэлжилсэн үгийн шүлэг болгон орчуулахдаа SONG OFFERINGS” хэмээжээ. Оросоор ЖЕРТВЕННЫЕ ПЕСНИ” гэж орчуулагдсан байна. Санскрит болон бенгаль мөн хинди хэлнээ GITА хэмээх нь дуулал, ANGELI” нь тэнгэрийн дагинас, сахиулсан тэнгэр шүтээн гэж буудаг юм байна. Ж.Бадраа энэ бүхнийг харгалзан үзэж, “Өргөлийн дуулал” хэмээн буулгасан байна. “Өргөлийн дуулал” номын нэр нь хүний амин насан буюу насан хутгийн дуулал, амин насны урсгалаар хамаг юм нөхцөлдөж байдаг бөгөөд тэрхүү жам ёсны тэнгэрт өргөсөн өргөл юм хэмээх өргөн агуулгыг тодорхойлж байна. Нэрийг оноож орчуулна гэдэг нь маш чухал, хаад ихэсийн бол титэмийг нь бүтээхтэй адил буюу.
“Өргөлийн дуулал”-ын орчуулгад яруу найргийн амин насны тэнгэрт өргөсөн дууллын уянгалан хүүрнэсэн, учирлан ятгасан, ухааран тайтгарсан дотоод дүр, хөг хэмнэл хийгээд гэгээн гэрэлт өнгийг шүлэгнээс шүлэгт нэвт сүвлэж илэрхийлсэн байна. Энд нэг шүлгээр жишээлэн өгүүлье.
НЭГЭН САЙХАН ДУРДАТГАЛ
Нэгээхэн ч юм би чамаас гуйгаагүй
Нэрээн ч одоо болтол чихэнд чинь дуулгаагүй дээ.
Яваад өхөд чинь би тэхэд
Яахаа ч мэдэхгүй гөлрөн зогсож байсаан.
Тэр үес би ганцаархнаа худгийн дэргэд зогсож байсан.
Тэндэх моддын сүүдэр худаг дээр бууж ирсэн.
Шавар ваараа мялхтал ус дүүргээд усчин хүүхнүүд
Шаламгайлан гэр гэр өөдөө буцацгаасан.
Тэгснээ тэд намайг дуудаад: «Бидэнтэй яваа, орой боллоо гэсэн»
Тэгэвч би бүдэгхэн дуугаа л гүнгэнэсээр
Тэндээ л зогссоор байсан саан.
Хажуудаа чамайг ирэхэд хөлийн чинь чимээг сонсоогүй.
Харц чинь над дээр тусахдаа гуниг дүүрэн байсан.
«Ээ дээ, би тун их цангаж явна » гэсэн дуунд чинь
Эцэж ядарсан шинж илэрхий байсан.
Өдрөөр унтаад сэрсэн юм шиг би босон харайгаад
Өөрийнхөө хумхаар алган дээр чинь цэвэр ус хийж өгсөн.
Тэгэхэд моддын навч шаржигнан шуугиж,
Тэртээ далдаас хөхөө донгодоод,
Тэргүүр замын эргүүлгээс гаадамбын цэцэг анхилан байж билээ!
Нэрий минь асуухад чинь ичээд дув дуугүй зогссон.
Нээрээ ч чухам намайг дурсах гэж нэрий минь асуухаар
Нэмэртэй тустай юу ч хийчихсэн билээ дээ би?
Ашгүй цангаагий чинь гаргах гэж ус өгсөн дөө гэсэн
Аятайхан сайхан дурдатгал зүрхэнд минь цэцэрлэг дэлгэрүүлж,
Амьд явах хором бүрий минь амттай сайхан болгох бий
Өглөөн цаг үд тийшээ хэвийхэд
Эцсэн дуугаар шувуухай шаагилдана бизээ.
Өндөр дээрээс нимбийн навчис шаржигнахаас залхууран согтуурна заа.
Эндээ л суугаа би ямархан нэгэн бодлого болж
Өнө удтал, өнжиж оройттол бодон бодсоор байх биз ээ.
Хүний сэтгэлд гэрэл гэгээ болж хоногшсон амьдралын жирийн нэгэн агшин “зүрхэнд цэцэрлэг дэлгэрүүлж, алсад явах хором бүрийг амттай сайхан болгох” тэрхүү дурдагчийн сэтгэлийн зөөлөн хөг энэ шүлэгнээс ятгын аялгуу мэт эгшиглэнэ. Уншсан хүний сэтгэлд басхүү өөр нэгэн дурдатгалыг сэрээн эгшиглүүлнэ. Ядарсан хүн худаг дээр ирсэн, ус хийж өгсөн, тэр агшинд бие биесэд хандсан бүлээн зөөлөн харьцаа. Ийм л нэг агшин. Үүн дотор байгаа яруу хөг, гэгээн дурдатгал, хүлээлт, итгэл, тээнэгэлзлэл, тэр агшины дүр зураг, байгалийн байдал, нийгмийн ахуй, хүний зан чанар бүгдийг ганц агшины гэгээн дурдатгалын дэвсгэр дээр багтаан зураглажээ. Энэ шүлэг орчуулга уу, Ж.Бадраагийн шүлэг үү гэдгийг ялган зааглахад нэн бэрх. Энэ орчуулгад хүчээр албадсан, албаар оноож тавьсан үг алга, сэтгэлээс нэгэн хоромын онгодоор шууд л урсан гарсан мэт.
Яруу найргийн орчуулгын тухай утга зохиолын орчуулагч Х.Мэргэн нэгэнтээ хэлэхдээ “Шүлэг зохиол орчуулна гэдэг бол яг торонд байгаа шувуу шиг юм. Нэг талаас чи хүний санаа, хүний сэтгэл, хүний айзам, хүний хэмнэл, хүний адилтгал, хүний зүйрлэлд баглаастай, нөгөө талаас чи найргийн тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэх ёстой” гээд цааш “Гэхдээ эх зохиолтойгоо увдис чацуу орчуулга байдаггүй биш, байдаг юмаа” гэсэн байдаг. Ж.Бадраагийн энэ орчуулгыг би чухам тэр увдис чацуу орчуулга мөн хэмээн ойлгож байна. Энэ бол орчуулагчийн махчлал яавч биш, зохиогчийн дүр дүрслэлд хэт автаж баригдсан текник ажиллагаа ч биш юм. Харин “Өргөлийн дуулал” бүтээлийн сүнс сүлд доор сэрсэн яруу найрагчийн онгодын орчуулга хэмээн үзэж байна.
Ж.Бадраагийн орчуулгын яруу найраг нь дорно дахины яруу найргийн эртний монгол орчуулгын уламжлалын шууд тусгал буюу үргэлжлэл гэхээр байна. Энэ нь орчуулагчийн эрдэм, шүлэглэх ур чадвар, хэл соёлын баялаг мэдлэгтэй шууд холбоотой. Мөр бадаг болгондоо хүүрнэл хйигэд дүрслэл, зүйрлэл чимэглэлийг тэгш найруулж сэтгэл хөдлөлийн олон өнгө, хувирал, наминчлал, залбирал, цөхрөл, гутрал, тэмүүлэл, эрмэлзлэлийг хурц илэрхийлсэн дотоод хэмнэлтэй яруу найргийн орчуулга цогцлоон бүтээсэн байна. “Заяагүйяа” хэмээх шүлгээр жишээ авъя:
ЗАЯАГҮЙ ЯА
Явж ирээд хажууд суужээ тэр минь, тэхэд нь би сэрсэнгүй.
Яагаад ингэж их нойр хүрээ вэ? Заяагүй ч юм даа!
Яг түүнийг ирэхэд амгалан шөнийн цаг байлаа.
Ятга сайхан хуурыг тэр бариад ирсэн байлаа.
Яруухнаа жингэнэх эгшгээр зүүд минь урсаж байлаа.
Сэрж үзвээс зандан анхилам өмнийн салхи харанхуйд
Сэвэлзэн үлээж тансаг үнэрээ дөрвөн зүг түгээж байлаа.
Хамаг шөнө минь юуны учир ийнхүү хулжин зугтаа вэ?
Халуун амьсгаа нь намайг шүргээд байсан мөртөө
Харж, үзэж уулзаж учирдаггүйн учир юу болоо!
Халаг минь дээ! Сондор нь элгэнд хүрээд байсан билээ л
Харин тэврээд авч чадаагүй л юм даа хөөрхий!
Зүүд ч юм шиг, үнэн ч юм шиг барин тавин хийгээд зөн мөрөөдлийн торгон ирмэг, хүслэн биелэх хийгээд үл гүйцэлдэхийн зааг дээрх хүний амьдралын амттай бөгөөд халаглалт мөчийг нэн яруусалтай дуулсан байна. Хүн гэгч аз жаргал, амтат цэнгэлийг барин алдан байх, тэр нь хүслэнт хүнийх нь хүзүүний сондор элгэн дээр нь хүрээд байхад тэвэрч амжаагүй байх шиг тийм эгзэгтэй байдаг эгшинийг уншигчидад бэлэглэж байна. Зүүдэнд нь урсах ятга хуур, зандан анхилсан өмнийн салхи, шүргэх халуун амьсгаа цөм энэ шүлгийн амтат тэр агшиныг чимэглэж байна. Тэгсэн мөртлөө эдгээр нь сэтгэлийн цангааг тайлсангүй, хүсэл таашаалыг хангасангүй. Амьдрал бол ийм ажгуу. Ийм яруу шүлгийг бүтээнэ гэдэг орчуулагчийн чадал буюу.
“Хөлний чимээ” хэмээх шүлэгт амин судалд ирэх цаглашгүй баяр, “баясгалангийн дохио” нүдэнд үл үзэгдэх, хөлийн чимээнд нуугдан, түүнийг хүлээх ахуйд “салхинаас балын үнэр анхилах”-ыг тогтоон барьж бичиглээд “Учрыг хянаваас чи минь нэн ойрхон ирсэн буй заа” хэмээх итгэлийн гэрэлт цэг дээр шүлэг төгсөж байна. Яруу найраг бол сэтгэлийн дүр юм. Яруу сайхны үнэт агшин юм. Яруу найргаас философичийн онч мэргэн үг хайх хэрэггүй. Яруу найраг үзүүлдэг юм. Таагүрийн “Өргөлийн дуулал”-ын амин сүнс нь чухам ийм бөгөөд Р.Таагүрыг монгол уншигчдадаа “увдис чацуу” хүргэх зорилгодоо хүрчээ гэж үзэж байна.
Ж.Бадраа “Өргөлийн дуулал”-ыг орчуулахдаа туурвил зүйн баялаг туршлагыг чадамгай ашигласан байна. жишээ татвал,
Өрөвдөм хөөрхий өлмийн орон тань ээжээ!
Өглөө цагийн час улаан туяан дээр байнам (“Улаан туяа”: “Өргөлийн дуулал” 19-р тал) Өглөөний нарны туяаны улбар их гийгүүлэл дотор үгүй болсон ээжийгээ байгаа мэт дурсан үзэж буйг зүгээр нэг тоочин өгүүлсэнгүй. Үгүй болсон ээжийнхээ ул мөрийг “өлмийн орон тань” хэмээн бурхад дээдсийг хүндэтгэн хэрэглэдэг дээд найруулгын үгсийг сонгосон байна. Эрхэлж наадаж өссөн багын нөхрийн эдүгээн дүр гэнэт “Сүрт дүр” /шүлгийн хэр/ болон үзэгдэж буйг дүрслэхдээ “Огторгуй тэнгэр мэлэрч, наран саран гөлөрнөм” (“Өргөлийн дуулал” 51-р тал) гэжээ. Энэ мэт уран яруу хэрэглүүр орчуулагын эл бүтээлд арвин байгаагийн заримаас гэрч болгон татвал “Сонсохуй чимэгт” дууны тухай бичихдээ
“Энэ дуу үгийн хашлагаас сулран алдуурч
Эгшигийн долгио болон одох буюу” (“Өргөлийн дуулал” 56-р тал) гэсэн бол бүрхэг шөнийг дүрслэхдээ “шөнийн зовхи, үүлсийн ачаанд дарагдан хамхигджээ” (“Өргөлийн дуулал” 58-р тал) гэх буюу. “Шинийн хоёрын сарны хангал залуу туяа” гэжээ. Зүгээр нэг залуу туяа бус бүүр “хангал залуу туяа” гэсэн нь яруу найрагийн хүчийг нэмэгдүүлж омогдуухан өнгөөр чимэглэж байна. Энэ мэт урлахуйн маш олон жишээг татаж болох боловч тэр бүхнийг тоочих зорилго тавьсангүй.
Ж.Бадраагийн орчуулгад байгаа бас нэг чухал зүйл бол монгол хэл найруулгад ховор хэрэглэгдэж байгаа буюу бараг хэрэглэхээ байж хуучирч мартагдсан үгийг сэргээн хэрэглэсэн явдал юм. Жишээлбэл: “ухаан санаа минь монширч байна. /36-р тал/, ёрог хувцаст /54-р тал/, эрэмцэл найдал /57-р тал/, насан турхруу /70-р тал/, чинхэр чанхар дуу чимээ /81-р тал/, нэн ужиж саатсан билээ /91-р тал, үлээх салхины хумхи /99-р тал/, мишил хар нүдээрээ / 107-р тал/ гэх мэт.
Дорно дахины уламжлалт яруу найргийн онолын найруулгын арван эрдэм буюу “эвсэл найрагт, маш тунгалаг, тэгш чанарт, яруу сонсголонт, орь залуу, утга тодорхой, агуу их, сүр жавхлант, өнгө үзэсгэлэнт, уран сэтгэмжит” (Дандины зохист аялгууны толь” шинэчилсэн орчуулга тайлбар. Ш.Бира, Х.Гаадан, О.Сүхбаатар. УБ 1981) байх үүднээс авч үзвэл Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” номын орчуулгад дээрх арван чанар бүгд найрсан бүрджээ гэж хэлж болохоор байна. Энэ нь Ж.Бадраа орчуулгын эл бүтээлдээ дорно дахины уламжлалт яруу найргийн найруулгын эрдэм ухааны уламжлалыг сайтар баримтласантай нь шууд холбоотой.
Нөгөө талаар Яруу найрагч Ж.Бадраагийн өөрийн нь сайтар эзэмшсэн дорно дахины болон монгол бичгийн найруулгын эрдэм хйигээд өөрийн нь яруу найргийн бичлэгийн арга барилтай найрсан сүлэлдэж буй нь тохиолдлын хэрэг биш ээ.
Ж.Бадраа Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” бүтээлийг орчуулахаар шулуудан шийдсэн урам зориг нь Таагүрийн ид шидлэг, тэнгэрлэг яруу найрагт нэвтрэн орж танин мэдэхийн хамт монгол яруу найргийн орчуулгын найруулгын уламжлалыг чухам энэ бүтээл дээр илэрхийлэн гаргах таатай боломжийг өөртөө олж барьсан нь мэдээж буй заа. Иймээс ч өгүүлэн буй эл номын орчуулгын яруу найруулга нь түүний яруу найргийн бүтээл, тэр дотроо дууны яруу найргийн бүтээлтэй нь салшгүй холбоотой төдийгүй бүүр уялдан найрсаж байгааг анхаарах хэрэгтэй. Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, Ж.Бадраагийн дууны яруу найргийн бүтээлийн тухайтад чухам онож хэлсэн дүгнэлт нь басхүү Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” яруу найргийн орчуулгын бүтээлийн нь талаар хэлэх үгтэй минь утга хоршиж байгаа тул эрдэмтэний үгийг энд яг хэвээр нь үлдээж эшлэн хэлэхийг хүсч байна. “Ж.Бадраагийн дууны яруу найргийн эрдмийг Монгол, дорно дахины яруу үгийн туршлага дээр задлан үзэхэд: авиа эгшгийн утгын зохирол, чанга сулын нийлэмж, хүнд хөнгөний жин, урт богинын хэмжээг “Тэнгэрийн ачаа ” мэт тэгшид барих хэрнээ, үсгийн чанга сулын байрлалыг үдшийн од мэт өтгөрүүлж, чингэж өтгөрүүлснээс үүрийн од мэт шингэрүүлж, чингэх атлаа өчүүхэн нялахын үе гишүүн сулаас орь залуугийн нас биед шилжин өсөх мэт алгуур ахиунаар чангаруулж, авиа үсгийн сул чангын эрдмийг аль зохистоор уран яруу найруулсан, үгийн хуучин хийгээд шинэ, зохист ба зохист бусын харьцааг жагсаал олон агтын дотроос, аль утгын холыг туулах тэнхээ тамиртайг нь сонгон олох атлаа бас явдал гүйдэл уран удганы нь танин барьж эмээллэх мэт үгийн элбэг баян, уран ярууг эрхэмлэсэн, дуун хийгээд утгын хувийг сайтар тэнцүүлэн, уран үг, гүн утгын сөөм цоожийг нээхийн тулд урнаар сэтгэх яруугаар дүрслэхийн тохой туршийн түлхүүрийг олж тааруулсан, шүлгийн утгын гүнзгийрэл, санааны баялаг нь утгын хаалгыг түлхэх бүр улам шинээр нээгдэн гарах “үлгэрийн лусын эд баялаг мэт” бөгөөд ямар ч ахуйд аль ч санааг өгч өмсгөвч шүлгийн доторхи бодит ахуйн гол эш модон хэдий өндөрийн хэрээр, түүнийг дагаж ороон ургах уран санааны ороонго модон төдий өндөрт хүрэх мэт, дууны яруу найраг нь санаа ахуй сайтай, агуулгын багтаамж ихтэй, шүлэглэлийн толгой холбох, сүл таацуулах хэмжээ хэмнэл, айзам аялгуу, цацалга цохилго, жигд найруу нь усан тэлмэн, удган жороон явдал мэт ялдам ялгум усхал тэгш ажээ,” /Л,Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ 2005, 437-р тал/
Миний бие эл бяцхан өгүүлэлдээ “Өргөлйин дуулал” –ын орчуулгын монгол яруу найрагт шингэж цогцолсон орчуулгын яруу найргийн урлах эрдмийг бахархан баясах сэтгэлээ илэрхийлэх төдий, хойчийн мэргэд номын дүү нарт судлан суралцахын тухайд сануулан илбэх төдийг л арай чарай хэллээ.
Бичгийн утгач, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Ж.Бадраагийн “Өргөлийн дуулал” –ын монгол орчуулгын бүтээлийн туршлага нь хүн төрөлхтөний яруу найргийн сонгодог бүтээлийг үндэсний хөрсөн дээр тарьж ургуулан, улмаар уншигч шимтэгч нарын оюуны таалалд соёолуулан цэцэглүүлэхийн нэгэн сайн үлгэр болсон бөгөөд Монголчуудын олон үеийн туршид цогцлоосон шилдэг орчуулгын тоонд баттайяа өөрийн байр сууриа эзлэх бүтээл, цаашид судлан шинжлэх, суралцан шимтэх их зүйлийг агуулсан соёлын үнэт өв мөн хэмээн үзэж байна. .
Ашигласан ном, бүтээл
1. Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” УБ 1965. /Орч. Ж.Бадраа/
2. Калидаса “Үүлэн зардас” УБ 1963 /Орч Б.Ренчин/
3. Ж.Бадраа “Ардын билиг ухааны оньс” УБ 2005
4. Л.Хүрэлбаатар “Эсэруагийн эгшиг дуун” УБ 1999
5. R.Tagor “GITANJALI” New York 1962
6. Р.Таагүр “Өргөлийн дуулал” /хинди хэлээр/ Дэли 1969
7. Р.Тагор “Собрание сочинений в четырех томах” Москва 1981
8. “Яруу Найргийн орчуулгын түлхүүр” хамтын бүтээл УБ 2006.
9. Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ. 2005.