Tuesday, February 9, 2010

ДАРСНЫ СОНЭЭТ

Ертөнцийн эрээн мяраан бүрэнхийн дунд бүдгэрнэ
Ер бусын нам гүм. Өрөөнд лаа сүүмэлзэнэ.
Хоёр жүнз жингэнүүлэн байж дарс дүүргэчихье
Хоёул тэгээд он жилүүдийн тэртээ рүү алхчихъя

Дарстай жүнзэнд лааны гэрэл тусаад асчихаж
Дараа нь миний цээжинд бас нэг юм асчихлаа
Гэрэлт насныхаа цайлган мөрөөдлийг асаачихъя
Гэрэлтэж байгаа тэртээх бүдэг жимээр өгсчихье

Дахиад л он жилийн тэртээд сар мандчихаж
Дахиад л хэдэн мөч өнгөрөхөд цээжинд шүлэг асчихаж
Цаад намрын усан үзмийн цэцэрлэг гэрэлтэнэ
Царс модны үнэр сэнгэнэж, мөчирт нь одод жимсэлчихэж

Одоо бас нэг тогтоочихъё. Он жилүүдийн амтыг шинжчихье
Оноо алдаа хоёрыг дарахад ямархан исдэгийг үзчихье
2009 он

ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН АРВАНТАВНЫ

ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН АРВАНТАВНЫ
ТЭРГЭЛ ШӨНӨ БУЮУ НЯМСҮРЭН БИД ХОЁР

Өвлийн сүүл сарын арвантавны тэргэл шөнийг
Өдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбай
Дээрээ ганцхан дэнлүүтэй шөнийн дээвэр доор
Дэврүүн хоёр шүлэгчийг хэн ч эс сонсвой

Бүүдэн бор үүлнээс бүлтийн зүтгэсээр сугарсан
Бүрх малгай шиг сарны бүгээн туяанд
Сүүдэр, гэрлийн дундах эртний бичигт чулуу шиг
Сүүтийн зогсогчийг Данзангийн Нямсүрэн гэмүй

Ургүй хөшөө шиг түүний шалмин шар халимгийг
Утсан цагаан туяагаар тэнгэрийн бүсгүй самнаж
Тонж нарийн эсгийгээр тонч урласан бүрх шиг
Толгой дээр нь сарыг тогтоож өмсгөхийг үзвэй

Саран бүрхтэй найрагч мөнгөн жүнз гаргаад
Цантай цагаан чулуун дээр жин хийтэл тавибай
Харахын зуурдгүй жүнз нь хашийн шимээр дүүрч
Хангай дэлхийдээ тэрбэр нанчдаа хүртээж амжвай

Цагариглан хэвтсэн эрт галавын амьтан шиг
Цаст уулын бэл рүү цагаан туяа гулсаж
Цалин мөнгөн өнгийг нь улам гялтайтал зүлгэсээр
Цагийн будан шүлэгчийн дуунд арилбай

Мөнгөн сарны доор ганцаар архидаж суусан
Мөнхийн согтуу Ли Байн дарс хүртсэн сарыг
Малгай болгож тавьчихаад дуулж суугаа найрагчийн
Магадын энэ зургийг тогтоон барьж авбай

Утга уянга, сэтгэлд нэвтэрч ирэхийн цагт
Уужмын дунд юм бүхэн байдалдаа төстэй
Дээлийн минь хээтэй сарны дугариг ижилсэх
Дэлхийн цөм, хүний зүрх нэг хэмээр лугших

Өөдрөг сэтгэлээр дуулахад юм бүхэн чимэгтэй
Өвсний толгойг гоёж цаг ххүрэг молцогловой
Хуучин цасны чахар чухар дуун ч
Хуучир болоод шанзны аялгууг дэмнэвэй

Өвлийн сүүл сарын арван тавны тэргэл шөнийг
Өдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбай
Бужигнасан олон оддыг уншигчаа хэмээн андуурч
Будаггүй цагаан тайзнаас шөнөжин шүлэг уншвай

1992 он

ӨӨРИЙН ЭГШИГ

Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийн анирлана
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана.

Тандаа намайг ирэхийн таатай нэгэн мөчлөгт
Талын уяхан эгшиг ингэ буйлж байсан,
Хэцийн салхин шувуудын жиргээг над руу илгээсэн
Хээр талын хамгийн зөөлөн аялгуунд би мэндэлсэн.

Өвгөн буурал талынхаа уя туяхан ургамал, би
Өвс бүхний шилбэнд салхин үлээж лимбэдэхэд
Үүрийн бялзуухай өглөөн удиртгал дуулж жиргэхэд
Үүлэн хөшигний цаанаас миний хүлэг янцгаахад

Хос чавхдаст морин хуур шигээ хөглөгдөж
Хорвоогийн дуут нэгэн бие гэдгээ мэдэрсэн
Хоршин дуулах гэж тал минь намайг дуудсан,
Хонгорхон дэрс бид хоёрыг та л хөг оруулсан.

Нуурын хөвөөгөөр адуун туурай бөмбөрдөн өнгөрөхөд
Нууцхан сэтгэлд морин хуурын хос чавхдас хөвчирч
Гадсаа тойрох өнчин цагаан ботгоны буйлаанд
Гархин эргүүлэг элэгдэхийн чимээ намайг урхидсан.

Алсын ууландаа алтан гургалдайн дуу сондгойрвол
Амгалан үдшийн сар аялгуун чимээгээр дутвал
Аялагхан зүрхнийхээ зуун утсыг хөглөөд
Ахуу их ятган аялгуугаараа аргадна, би

Сэмэрсэн салхийг нийтгэхэд дуун чавхдас болсон
Сэмхэн, намайг аав хуурдахад хуур гэдгээ мэдсэн
Хүлэг морь толгой хаялан хазаарын амгай жингэнэхэд
Хүслийн алсад морин хуурын хос чавхдас зурайсан.

Амар амгалан талынхаа аялагхан чавхдас би
Аанай л та яасхийж товшив, аясаар нь дуурсмуй
Өвгөн буурал таныхаа үүр шөнийн зүүдийг манаж
Өвсний чинь үндсэнд бүүвэйн дуу зохиож өгөмзэй!

ҮГИЙН БИЛИГ

Эрин зуунуудыг эрихэлсэн хуучин судрын хуудсанд
Элэнц хуланц дээдсийн минь оюун сүнс буй
Хөлөөрөө яваад хүрэхгүй элин галавын тэртээд
Хэлээрээ улаа нэхээд хүрэхийн ерөөл буй

Хэдэн зууны цаадтайд Цогт тайжийн цэцэлсэн үг
Хээр талын чулууны монгол элгэнд шингээд
Оргилж дэвэрсэн онгодоор өргөж дэвшүүлсэн дуу нь
Олон үеийн чанадаас одоо ч сонсогдсоор буй.

Ган гачигт нэрвүүлж газар дэлхий хагсахад
Гамшигт энэлсэн говийн найрагч Гэлэгбалсан
Үлэмжийн тэнхээ хүчийг үг бүхэндээ хурайлан
Үүлгүй тэнгэрээс хур дуудаж шүлэглэхэд

Горь хүслийн биелэл борооны түрүүч шаагин
Говь нутаг тэнийж, ган тайлсан гэдэг.
Монгол хүний амны билиг бүтэхийн учир
Молор эрдэнийн хэлний минь арвис чадалд буй

Аяа, миний төрөлх хэлний агуужим тийм хүчийг
Атхаг хар санааны хорт сумд болгож
Тэр нэгэн өдөр Нацагдоржийн минь зүрх рүү
Тэнэсэн сум шиг зэрлэг үгээр буудсан юм биш байгаа!

Урваагүй байж, урвагч гэж зүрхээ зүсүүлсэн
Улс орондоо хайртай байж, хайргүй гэж элгээ эсгүүлсэн
Төөрөг заяа нь төөрсөн, хөөрхий ах нар минь хаана байна?
Төгс үнэн хэл минь мэдэх бүхнээ ярь аа!

Авирлагч хэн нэгнийг алдрын тэнгэрт нисгэсэн
Асарлагч хүн нэгнээ газрын мухарт гүтгэсэн
Бурангуйн буртаг тоосыг тунгааж ариусга, хэл минь!
Харанхуйн дунд гэрэлтэхээр тунгалаг бай, хэл минь!

Шинэ цагийн араншингаар дуу авалцан хашгирцгааж
Ширмэн бөмбөг шиг үгийг бие бие рүүгээ шидэцгээнэ.
Өндөр уул намхан толгод бүхэн чинь шингээж байгаа!
Өнөөдөр хэлсэн бүхнийг чинь өнө хожмынхон сонсоно!

Алмааз шиг гэрэлтэй, аяа түүн шиг бөх монгол хэл минь,
Аялгуу шүлгийн минь амин цогцос үг бүхэн
Эх хэлнийхээ өмнө өргөж буй алтан тангараг минь!
Эрхийгээ эсгэж үнэнээ гэрчлэх ган болдон тонгорог минь!

Үг бүхнээсээ үнэний гэрэл цацраасан
Үзэл бодол, оюун билгийн болор толь,
Зуун билиг төгөлдөр сонсголонт миний хэл
Зуун зууны цаана сонсогдох МИНИЙ ҮГИЙГ ХЭЛ!

Зуурдын тавиланг алгасах хамгийн холч хүлэг
Хуурын аялгуут хэл минь эзнээ хэзэ ч явгалахгүй ээ!
Ядарч галираад унасан мориноос буух хорвоод
Яасан ч би хэлсэн үгнээсээ буухгүй ээ!

Wednesday, February 3, 2010

ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХ ЦАГ ДОР

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдрэнэ

Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлнэ
Хулсан лимбэний гуниглангуйн чанадах тайтгарал
Хуудуу холоос бурхадын гэгээг дуудмуй

Шингэн бэхээр татсан эртний ханз үсэг мэт
Шинэхэн тэнгэрт сүмийн сүүдэр утгын дүрстэй
Замбуу тивийн сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй

Хумхын тоосны чинээ хувьхан чөлөөнд ч
Хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтмуй
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй
Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор...