Monday, March 24, 2008

ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ЧОНЫН ШАСТИР

“Махыг идэгч чоно бээр эхийн сүүгээр бойжимуй” хэмээн Равжаа хутагт айлджээ. Хүмүүн ч бас адил буй. Хүн чоно хэмээх байгал эхийн хоёр бодгаль нэгэн үе тасран холдож дайсагнан хорлолдох, бас нэгэн цагт төрөлсөн ойртож садансан туслалцах ажгуу. Хүмүүн чононд хичнээн их өширхөж түүнийг авлан атаалах арга ухаан нь нарийсах тусам чонын байгаль чигээрээ хадгалагдан оршихуйн мэргэн сүүхээ улам ид хав болох ажээ. Чоно хүмүүний чанар луу дөхөн гэтсээр, харин хүмүүн чонын төрхөнд бас ойртон мяраалсаар байгаа юм биш үү.
Г.Аким гүүшийн туурвисан “Тэнгэрийн нохой” номыг уншаад ийн сэхээрэн сэрэхийн хамт хирдхийн цочирдвай. Номын бүхий л үгүүлэмж гагц чонын тухай миф, домог, хууч яриа, болсон явдал, бодрол ухаарал, сэрэл бясалгал мэт боловч хүмүүн хэмээх байгалийн чонолог шинж чанар луу сэхээрэн сэрэхүйн цочролт үгсийг оньлон чиглүүлсэн нь юутай мэргэн тусна вэ?
Чоно хэмээх тэнгэрлэг амьтны шастир нь хүн хэмээх ухаант амьтны өөрийгөө эргэн харах шидэт толь нь юм байна шүү дээ. Чоно хэмээх бидний эх болсон амьтны түүх нь байгаль хэмээх агуу их оршихуйн шалгарал, ид хав, зөн билиг, эр зориг, хувь заяа, өөрийгөө өмгөөлөн тэмцэхүй, ертөнцийн хууль зүйд үл харшлахуйн зохилдлого бүхний агуу их өв соёл болон цогцолсон ажээ. Урьд нь бид Шаалуу хүүгийн домог сэлтийг зөндөө л уншиж анчны адал явдал, чонын тухай явган яриаг бишгүй л сонсож байсан ч утгын цогц урлан бүтээхүйн тиг гольдролд эвсэн цэгцэрсэн ухаан билиг гэгч эрдэнэ болдог учирыг одоо л мэдлээ. Чонын тухай мэдээлэл төдий эрээвэр хураавар байсан зүйлс одоо чоно хэмээх эх болсон байгалийг хайрлан өмгөөлөхүй, чонын товчооныг харамлан хамагаалахуйн өв соёл болон цогцолбай. Оюунт хүмүүний туурвин бүтээхүйн ид хав үүнд л оршимуй.
Бичгийн утгач, билгүүн гүүш Г.Акимын эл бүтээлтэй би найман жилийн өмнө анхлан танилцаж, эдүгээн онд эргэн уншиж эрхгүйеэ шимтлээ. Зохиогч бээр эл номыг цогцлоох гэж олон жил хээрийн хэц дэрлэж, үлгэр домгийн бүрэнхүйд бэдчин аялж судар номын тоос онгичож, захидал занаагаар харилцаж, анчин гөрөөчний амнаас унасан хий болгоныг ажааран цуглуулж, соёоных нь урт, тархиных нь жинг хүртэл цэгнэж шинжиж бүтээхүйн зовлонд нь хатаж, жаргалд нь умбажээ.
Аз жаргал гэдэг агшин зуурын дараа ирдэг эд биш ажээ. Арван хэдэн жилийн өмнө энэ номыг төрөөгүй байхад Америкт орчуулан хэвлүүлэх аз ам хоёрыг өгсөн нэгэн залуу эдүгээ үгүй болсон ч “орчуулан хэвлүүлэх” сайн санаа нь сэрүүн үлдсэний учир өнөөдөр “Тэнгэрийн нохой” англи хэлнээ амилан мэндэлбэй. Манай зохиолчдод чамгүй их тусыг хүргэсэн орчуулагч Г.Дашдаваа энэ орчуулахуйяа бэрх номыг англи хэлнээ анхлан буулгажээ. Мэдээж Г.Аким гүүш өөрөө орчуулгыг ариутган шүүжээ. Гэхдээ л дутуу байсан нь мэдээж. Америкийн залуу яруу найрагч бүсгүй Мин Холден бас энэ номын орчуулга руу шимтэн оржээ. Мин Холденг Америкийн засгийн газар Азийн Монголд очиж юм үз, нүд тайл, хэл сур, дорнын соёлтой танилц, харин ирээдүйд өөрийн улсад утга зохиолын салбарт лидер болж төлөвших ёстой шүү хэмээн илгээжээ. Тэр азтай, бас зоригтой бүсгүй аж. Анхны орчуулга нь ийн тэнгэрийн нохойн тухай тэнгэрлэг ном болжээ. Бас Г.Аким гүүшийн аялгуут найруулгатай ажиллана гэдэг их юм сурна гэсэн үг. Яаж зүгээр байхав, Г.Аким гүүш өөрөө орчуулагийг бас ариутган шүүсэн нь мэдээж. Г.Акимийн давуу тал бол орчуулгатай эргэн ажиллах чадвартайд оршино. Г.Аким гүүшийн Ч.Айтматов, Лев Гумилев, Г.Маркес, Р.Рупенийг орчуулж, толь бичиг зохиож нэг хэлний соёлыг нөгөө хэлний соёлд дамжуулан хүргэсэн буян хишигийн нь агтын хариу эргэн иржээ. Миний л хувьд лав зохиогчоос дутахгүй байрлав. Г.Аким биднүүс монголынхоо их соёлын үнэт зүйлсийг англи тэргүүтэн дэлхийн чухал хэлүүдэд орчуулж, дэлхий дахинд монголоо нээх юм сан гэж олон жил хамт мөрөөдөн шаналсан юм. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй хэмээн өөрсдийгөө цайлгаж явсан бид тэрхүү мөрөөдлийнхөө учигаас нэгэнтээ зүү сүвлэн шаглаж эхэлллээ. Азийн Сан хамгийн түрүүнд энэ номын үнэ цэнийг ойлгоод англи хэлнээ орчуулан хэвлэх зардалыг хайрлажээ. Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Вильям С.Инфанте нөхөрт монголын номын садангууд бид баярлах ёстой бөлгөө. Саяхан Үндэсний номын санд Г.Акимийн “Тэнгэрийн нохой” англиар орчуулагдаж гарсаны болон монгол хоёр дахь хэвлэлийн номын хурим болоход Г.Аким нөхрийн эрдэмд шаналсан магнайн үрчлээ хэдэнтээ тэнийн гэрэлтэхийг хараад энэ маань овоо хэдэн нас нэмлээ дээ хэмээн даган баясаж зогсохдоо угаас үгүүлэхүйн эрдэмд дульханы харгайгаар хэлье гэсэн урмын хэдэн үгээ эвлүүлэн илэрхийлэхийн хүчин мөхөсдсөн хэдий ч хэлье гэж бодож байснаа хэлхэн бичиж хүргэсү хэмээсэн зүрхний зарлигийг даган баясвай. Г.Аким гүүш маань орчуулгаараа олон хүнийг баярлуулж байсан нь мэдээж боловч бүтээлээ орчуулуулсан хүн яаж баясан цэнгэдгийг тэр өдөр л нэг биеэрээ эдэлсэн байх даа. Энэ ном Г.Акимыг дэлхийд гаргана гэж би бат итгэж байна. Манайханаас ядаж нэг нь ч гэсэн дэлхийд гарвал аштай юу. Хятадын зохиолч ий “Чоно тотем” ном хятадын уншигчдыг нэгэнт байлдан дагуулаад эхлэх үед “Тэнгэрийн нохой” түүнээс юунаас дутах буй, бид даанч мөнгөгүй юм. Дэлхийд гаргах гарцаа олохгүй юм гэж халаглаж суусан минь үнээн. Одоо “Тэнгэрийн нохой”-д тэнгэрийн хаалга нээгдэв.
“Чоно ижил тэнгэртэйдээ харагдана” хэмээх тангарагтай гэдэг билээ. Үнэн юм. Чоно одоо бидэнд, бас өрнө дорнын нэгэн ижил “тэнгэртэй” болгонд харагдана. Харагдахдаа үзэн ядахуйн хилэнт сэтгэл бус, хайрлан өмгөөлөх, ухааран ойлгохуйн гэгээн мэлмий гийгүүлж харагдаасай. Чоно хийгээд хүмүүн бид нэг л тэнгэрийн доор, нэг л хөрстийн дээр цагаан сүү хөхөж, хөл тэнцээд улаан шүүсэнд шимтэж амьдран тэмцдэг бөлгөө. Чоно хүний үрийг ачлан аварч, хөхөө хөхүүлэн тэжээх “хүнлэг” сэтгэлтэй, бас хүний оюуныг хүлээн зөвшөөрөх ухаан сэхээтэй амьтан юм. Хүнд үзүүлсэн чонын тус цаглашгүй. Одоо хүмүүн бид чоныг ямар тусаар гийгүүлэх вэ? Г.Аким гүүш л харин нэг, чонын тусын хариуг баривай. Тэгвэл бусад нь яаж ач барих буй?

2008.05.05

Saturday, March 1, 2008

МОНГОЛЫН СОЁЛЫН ӨВ АРЧИГДАХ, АВРАГДАХЫН ЗААГ ДЭЭР

Монголын соёл, урлагийн өмнө олон саад бэрхшээл, мөнгөний гачаал, соёл урлагийн зах зээлийнн хомс байдал дээр нь ядуурал юм юм тохиолдсоор байгаа ч шилжилтийн он жилүүдийг сөхөрч босч туулсаар явж байна. Дотоод зах зээлийн нөхцөл байдал нь монголынхоо оюун билиг түүх соёл, урлагийн үнэт зүйлсийг гадаадад сурталчилахын хамт соёлын гадаад томоохон зах зээлд өрсөлдөн гарч хүчээ сорих зайлшгүй нөхцөлийг бий болгож байна.
1998 онд Осака хотын Угсаатны зүйн музейн Төв Азийн судалгааны төслийн хүрээнд музейн эрдэм шинжилгээний ажилтнууд нь санаачлаад “Их Монголын нүүдэлчдийн соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулсан юм. Баруун гурван аймгийн музейнүүдээс сонгож авсан 66-хан ширхэг үзмэртэй уг үзэсгэлэн тийм их амжилт олно гэж бид төсөөлөө ч үгүй. Бас хоёр орны соёлын харилцаа, солилцооны хүрээнд гэсэн хаягтай зохион байгуулсан хийгээд үзэсгэлэнгээс ашиг олдог гэж тэгэхэд манайд хэн ч төсөөлж байгаагүй. Тэр үзэсгэлэнг Японы эрдэмтэд гайхалтай зохион байгуулсан. Цацлын халбагыг үзүүлэхийн тулд модельд дээл хувцас өмсүүлэн хувин бариулаад баруун гараар цацал өргөн буйгаар дэглэх жишээтэй. Тэрхүү энгийн 66 ширхэг үзмэртэй үзэсгэлэнг 3 сарын дотор 250 мянган хүн үзсэн байв. Үзэсгэлэнг 20 доллараар үзүүлсэн гэж бодоход хэдий хэр ашиг олсныг мэдэхэд түвэггүй. Тэд үзэсгэлэнгийнхээ эргэн тойронд их юм хийсээн. Баруун монгол туулиар эрдэм шинжилгээний хурал, ном каталоги, монгол гэр барих, од харах шоу зохиож, японы цэцэрлэгт хорхог хийж үзүүлж байв. “Амиру” нэрт сүүн айраг ундаа хүртэл үйлдвэрлэж түүнээ цусны даралт, зүрх судас, бөөрний өвчинд сайн гэж Японы Эрүүл мэндийн Яам зөвлөж байна гэсэн сурталчилгаатай худалдаанд гаргаж байв. Японы Угсаатны судлалын хүрээлэн манай музейн мэргэжилтнүүдийг аваачиж сургалт явуулж, Орхоны хөндий дэх Культегиний гэрэлт хөшөөний хуулбарыг хийж манайд бэлэглэхийн хамт эрдэмтдийнхээ дунд монгол гэрийг нар салхины эрчим хүч, дулаан болон сэрүүцүүлгээр хангах, берзент орлох сайн чанарын бүрээсний технологи боловсруулж байв. Соёл гэдэг ахуй амьдрал, хөгжил дэвшил, зах зээлтэй ийм ойр юм гэдгийг бид япончуудаас сурч байснаа санаж байна.
Дараа жил нь ч би ХБНГУ-ын Гадаад харилцааны агентлагийн урилгаар Элчин сайд, Б.Баярсайханы дэмжлэгээр Монгол орны ардчиллын жилүүдийн соёлын анхны элч болж очсон юм. Найман жилийн дараа болох Их Монгол улсын 800 жилийн ойн үеэр гаргах үзэсгэлэнгийн тухай Герман нөхөд аль хэдийн төлөвлөгөө гаргачихсан, үзэсгэлэн гаргах танхимаа үзүүлж музейнүүдийнхээ захирлуудыг цуглуулчихсан уулзуулж билээ. Бид тэр үзэсгэлэнд монголоос оруулж болох үзмэрийн жагсаалт, гэрэл зураг, үзэсгэлэнгийн дэглэлтийн төслийг хийж очсон юм. Тэд ирээдүйд гарах монголын томоохон үзэсгэлэнгийн төсвөөс 3 сая долларыг олоод байгаа төдийгүй Санктпетербург, Тайваний музейгээс үзмэр авах тухай хэлэлцэж байгаагаа ярьж байхад нь би үзэсгэлэн гарах цаг мөн ч хол байна даа гэх шүү юм бодож байж билээ. “Чингис хаан ба Их Монгол улс” хэмээх үзэсгэлэнгийн анхны төсөл, үүдэл санаа маань биелэж Герман, Австри, Унгар, Туркэд монголын түүх соёлыг сурталчлах хийгээд соёлын өвийг хамгаалах судлахад чухал алхам болсонд баяртай явдаг бөлгөө. Уг үзэсгэлэн зохион байгуулагч талд томоохон хөрөнгө оруулалт буй болгосон нь мэдээж. Манайх ч улс даяараа хөдөлж энэ мэт томоохон үзэсгэлэнг зохион байгуулбал мөнгөөр дандаа гачигдаж байдаг музей соёлынхонд томоохон хөрөнгө оруулалт босгох боломж буй ажээ. Гаднын үзэсгэлэнд үзмэрээ түрээслүүлж юм олж болж байхад өөртөө энэ мэтийг олж санаж сэтгээд эрвийх дэрвийхээрээ хөдөлж монголын нүүдэлчдийн соёл, түүх, угсаатны эрхэм нандин өвийг дэлхийн оюуны зах зээлд гаргах боломжийг зоригтойгоор эрэлхийлэх шаардлагатай юм.
Өнгөрсөн он жилүүдэд хамгийн их эрсэдсэн салбар бол соёл урлаг. Түүн дотор соёлын өв юм. Зах зээлийн шилжилтийн жилүүдэд монголын соёл урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүд, нүүдэлчний эд өлөгийн соёлын дурсгалууд, археологийн чухал зүйлс хил даван одсоор байсан. Энэ тухай хэвлэл мэдээллээр бичиж, соёлынхон бид төр засагтаа хандсаар байсан. Би өвийн урсгалыг монголдоо тогтоон барих асуудлаар М.Энхсайханы засгийн газарт томоохон төсөл өргөн барьж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Ядаж хариу ч өгөөгүй. Маш олон тооны булш бунхан тоногдож байна. Газрын хэвлийг тандагч багажаар тэд булш хиргисүүр, хуучин сүмийн туурийн орчмын юмсыг хайгуулдан ухаж онгичих нь хэрээс хэтэрлээ. Газраас ухаж гаргасан юмс ч зах зээлийн газраар ил тод үзэгдэх нь хэвийн үзэгдэл боллоо. Ганц жишээ дурдъя. Миний төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгойд Д.Наваан гуайн удирдсан оюутны экспедиц малтлага хийж, алтан шонхорын дүрстэй бөгж тэргүүтэн алтан ургийн холбогдолтой зүйлүүд олсон байна. Олдворт баярлаж байна. Харамсалтай нь хоёр малтлагын хооронд мөн тэндэх томоохон булш тоногдсон бөгөөд уг булшийг тоносон этгээдүүд ихээхэн хөлжсөн гэх мэдээ байна. Ийм этгээдүүдийг илрүүлэн, залхаан цээрлүүлэх шаардлагатай байна.
Манай нүүдэлчин малчин ард түмний үе дамжуулан өвлөсөн үнэтэй эрдэнийн зүйлс зах зээлийн жилүүдэд авдарнаасаа хар захад гарч ирсээн. Тэгээд хэдэн музейгээр ордог, музей мөнгөгүй. Монгол банкны эрдэнэсийн санд очдог. Ойлгодог хүн байхгүй. Тэгээд гадаадын байгууллагуудын үүдээр эргэлдэх буюу хар захад гарч гадны хүнд хэдэн ногооноор өгчихдөг. Харамсалтай нь халиад гарчихдаг. Баярлалтай нь тэр авсан эзэд нь соёлтой улс тул нутагтаа очоод музей байгуулдаг. Японы Танто хотод Монголын соёлын төв хэмээх музейг Канацу хэмээх залуу байгуулсан. Хот нь барилгаа бариад өгчихсөн. Цуглуулагч үзмэрээ нийлүүлсэн. Ингээд тэнд Япончуудад Монголыг сурталчилж явна. Германы цуглуулагч Баатер хэмээх хүн монголын шашны соёлоос зөвхөн сахиусны бурхан цуглуулсан. Манай захаас нэлээдийг нь авсан 600 бурханаараа үзэсгэлэн гаргасан. Нэгэн баян хүн өөрийгөө мөнхжүүлэхээр түүнийг нь 1,5 сая доллараар худалдаж авсан. Тэр эр “Би үрэн таран болж байсан танай соёлын хэсгийг цогц болгож чадсандаа нүүр бардам байна” гэж байна. Монголч эрдэмтэн Хайссиг гуай монголын холбогдолтой номын сангаа өөрийн нэгэн шавьд 1,0 сая доллараар гэрээсэлсэн байв. Монгол Улс авчихаж болох л байсан. Харамсалтай нь манайд ийм сэтгэлгээ суугаагүй байна. Монголын хамгийн баян номын сантай манай нэрт зохиолч Б.Бааст гуай насаараа цуглуулсан номын сангаа 30,0 сая төгрөгөөр өгье гэхэд авах сачийтай бизнесмен олдоогүй . Гэтэл тэр мэтийн мөнгө бол нэг их юм биш, казино тоглочихдог л мөнгө юм байна л даа.
Монгол дахь гадагшаа чиглэн хальж буй соёлын үнэт зүйлсийн урсгалыг цөөхөн тооны цуглуулагчид тогтоон барьж буй хэдий ч тэнд төрийн ончтой бодлого үгүйлэгдсээр байна. Тэнд дэмжлэг гэж байхгүй болохоор илүү ховор сайн зүйл худалдан авахын тулд хуучин олж цуглуулсныхаа доод хэсгээс зарах хэрэгтэй болдог.
Аялагч жуулчлагч, гадны соёлынхон ирээд манай музейнүүдийн үзмэрт шимтэн баярладаг боловч байр сав, гэрэл гэгээ, дэглэлт, хорго гүнгэрваа сэлтийг нь хараад толгой сэгсэрдэг юм. Тэд голдуу угсаатны зүй, нүүдлийн соёлын онцлогийг харуулсан музейг чинь үзмээр байна гэдэг юм. Гэтэл манайд тийм музей байхгүй. Буриадын Угсаатны зүйн парк музей гэж дэлхийд алдартай музей байна. Энэ жил Өвөрмонголд Монголын түүх соёл, угсаатны аварга том музей бий боллоо. Монгол музейг үзэх гэсэн жуулчдын урсгал тийшээ одож байна. Богд хааны ордон музей, Эрдэнэ-зуу, Чойжин ламын сүм музейг эс тооцвол зориулалтын байртай, орчин үеийн музей гэж үндсэндээ байхгүй. Хаалганы бариулаасаа эхлээд хаана ирэв гэмээр, дотор нь ёлтойсон гэрэл, шал нь шажигнасан, хаалга нь савчиж, ус нь шоржигноно. Монголынхоо хэдэн музейнүүдийг бодоод үзье л дээ. Эрдэнэ-зуу, Богд хааны ордон, Чойжин ламын сүм энэ гурав бол уулаасаа өвгө дээдэс маань байгуулж өвлүүлсэн анхныхаа л янзаар бидэнд бэлэг болж ирсэн түүх соёлын дурсгалт газрууд. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей маань дээр үеийн Өндөр хоршоо хэмээх нурж унах шахсан майжиг байшинд байгаа. Энд аугаа их Занабазарын язгуурын бурхад тэргүүтэн манай урлагийн үнэт зүйлс байгаа. Хажууд нь тэнгэр тулсан өндөр байшин сүндэрлэн босч хөөрхий музейг дээрээс нь тохуурхан харна. Байгалийн түүхийн музей гаднаасаа гайгүй харагдах ч дотроо бол сургуулийн кабинет шиг дэглэлтэй үзмэрүүд, урт том хоосон хонгил, савчисан хэдэн хаалга л харагдана. Түүхийн музей маань харин социализмын буянаар барьж босгосон байшинтай. Гэхдээ л үзмэр тийм ч баян биш. Ноён уулын Хүннүгийн хаадын хамаг юм Санктпетербургт байдаг. Чингис хааны хийгээд Монголын их хаад Эзэнт гүрний үеийн түүхэн үзмэр нэн ховор. Түүхийн музейнхээ үзмэрийн санг баяжуулахад зориулсан археологийн томоохон төсөл хэрэгжүүлж болмоор санагддаг.
Хэдэн том музейнүүдийн маань дүр зураг ийм л байдаг. Дээд доод ихэс, дарга нар өөрийн хэдэн музейгээ тоож үздэггүй болохоор мэддэг ч үгүй. Орд уурхай биш болохоор унац ашиг юу ч байхав дээ гэж боддогсон уу? Ер нь л нэг тоомжир муутай. Ийм л байдалтай. Монголчууд ингэж ядарч байна.
Манайтай адил нөхцөл байдал бусад орнуудад тохиолдож л байсан. Манай урд хөршид тариачдад газар хувьчилсны дараа археологийн ач холбогдолтой зүйлс хар зах дээр гарч ирсэн байна. Засгаас хөрөнгө оруулаад 10 том корпораци байгуулаад аукцион зохион байгуулаад улс нь ч юмаа аваад тариачид нь мөнгөтэй болчихож байна. Тэр мөнгөний илүүг өвөртлөөд тэд монголын зах зээл рүү орж ирсэн байна. Одоо Өвөрмонголд арваад музей байгуулах төсөл сонгогдож, ченжүүд нь манай зах зээлээр эргэлдэж байна.
Гэтэл манайд байдал ямар байна вэ? Хэдэн жилийн өмнө нэгэн комбайнчин анжисанд сэндийлэгдсэн газраас Хүннүгийн үеийн бололтой жигүүртэй алтан морь олсон юм байна. Түүнийг нь хуучин юм сонирхдог хүн 1,0 саяар худалдаж авсан байна. Тэр нь хотод ирээд хэдэн музей, Монгол банкны эрдэнэсийн сангаар ороод мухардаж түүгээрээ бөгж энэ тэр хийлгэн зарж шархаа нөхжээ. Манай сэтгэлгээ ийм л байдалтай байна. Гэтэл музей үзмэр, улсын үнэт эрдэнэсийн сан хөмрөг тийм ханаж цадсан байгаа билүү? Манай музейнүүдийн юм худалдан авах сан хөмрөг хөөрхийлөлтэй бага, Монгол банк бол сан нь даанч их мэдлэг мэргэжил байхгүй, юмаа танихгүй. Ийм л байдалтай.
Социализмын үед буюу 1983 онд Сайд нарын Зөвлөлийн (Одоогоор Засгийн газрын) тогтоолоор “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг Улсын банкинд байгуулсан нь түүх соёлын холбогдолтой үнэт зүйлсийг улсын санд төвлөрүүлэн хадгалж хамгаалахад хийсэн томоохон алхам юм. Түүх соёлын ховор нандин дурсгал, үнэт металл, эрдэнийн чулуун эдлэлийг Урлагийн сандаа авч арвижуулах чиглэлээр Монгол банк нэлээд зүйл хийж, эрдэнэсийн сангийн дээжээр үзмэрийн танхим байгуулсныг ч сайшаалтай. Чингис хааны алтан зоос, Богд хаант Монгол улсын төрийн хаш тамга, Эрдэнийн очир, жинсүүд, Өндөр гэгээн Занабазарын чүнчигноров хөөрөг, Богд гэгээний ногоон пийсүү толгойтой чүн гартаам хөөрөг, Дарьганга эхнэрийн гэзэгний шүрэн шигтгээт даралт зэрэг өдий төдий хосгүй гайхамшигтай түүх соёлын үнэт зүйлс энд байна. Харамсалтай гэмээр зүйл ч их байна. Манай орчин үеийн зарим дархчуудын ур хийц төдийлөн сайнгүй, дундач хийцийн мөнгөн аяга тэргүүтнийг за энэ ч яахав гэхэд манай наймаачдын Эрээн, Хөх хотын захаас олж ирдэг Балбын дархчуудыг муухан дуурайж хийсэн бурхадын хөөмөл, цутгамлыг Эрдэнэсийн сангийн цуглуулга гэхэд хирдхийн цочмоор. Дээрх зүйлсийг хэн нэгэн сольж хольсон уу, танил талын шугамаар хуйвалдаж шахсан уу? Хэн мэдлээ. Эрдэнэсийн сангийн үнэт ховор бүтээлийг цогцлоон хадгалж хамгаалагч дотор мэргэжлийн хүн байдаггүй болохоор энэ мэт мэдэж будилах гажуудал гарсан бололтой. Үнэнбатыг Монгол банкны ерөнхийлөгч байхад тэр үеийн миний тэргүүлж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас нэгэн бичиг илгээж, Эрдэнэсийн сангийн байдалтай танилцах, мэргэжлийн байгууллагын хувьд хамтарч ажиллах, судлах дэлгэрүүлэх асуудлаа тавьсан боловч Эрдэнэсийн сангийн захирал н. Төмөрбаатар гэдэг хүнээс Эрдэнэсийн сангийн дүрэм журамд таарахгүй, боломжгүй гэсэн хариу ирсэн юм. Ийм байдлаар хосгүй үнэт зүйлсэд хэн ч нэвтрэх боломжгүй олон жил болсон нь ч бас дээрх мэт эрсдэл гарахад хүргэсэн байж болох юм. Одоо бол урьдахаас арай дээр нээлттэй болж байгаа нь сайшаалтай. Эрдэнэсийн санг одоо хариуцаж буй Х. Дэлгэр хэмээх залуу сан хөмрөгийнхөө үнэт зүйлсийг овоо зэгсэн судлаж байгаа хийгээд эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж нээлттэй болгох юмсан гэж бодож санаж явдаг хүн юм. Үнэхээр ч энд эрдэм шинжилгээний ажилтан, судлаач байх зайлшгүй шаардлага байгаа. Үгүйдээ л манай түүхчид, соёл урлаг судлаачдыг Эрдэнэсийн сангийн ховор дурсгалт зүйлийг судлах бололцоогоор хангах хэрэгтэй биз ээ.
Ерөөс манайд соёлын өвийн бодлого нэгдмэл бус, эмх цэгцгүй, эзэмшигч, хэрэглэгч байгууллагуудын уялдаа муу байдаг юм байна.
Монголын музейнүүд XX зууны дунд үеийн буюу социализмын үеийн сургалтын кабинетийн гэхээр дэглэлтэй, зориулалтын бус хуучирч муудсан байшинд түүх соёлынхоо хосгүй үнэт зүйлсийг муухан хадгалсан байдалтай оршин тогнож байна. Монголын хамгийн том цуглуулгатайд орох Үндэсний түүхийн музейн хөмрөгөөс өнгөрсөн жил хоёр зуу гаруй үзмэр алдагдсан нь ихээхэн цочролд орууллаа. Голдуу мэргэжлийн бус хүн ажилладаг аймгуудын музейн сан хөмрөгт буй зүйлс солигдох нь энүүхэнд. Гадаадын хүмүүс буудалд өрөө хөлсөлж суучихаад хуучны юм авна хэмээн радио телевизээр нь зарлуулаад сууж байдаг болсон байна.
Монголын нүүдэлчний соёл, зах зээлийн давалгаанд аяндаа огцом хурдтай өөрчлөгдөн хувьсаж, зарим үнэ цэнэтэй зүйлс устаж үгүй болсоор, нүүдэлчний ахуй хувьсан, хэрэглээний өөр түвшинд шилжиж байна. Ойрхон хоёр гурван жилд л монголын угсаатан, нүүдэлчний соёлын үнэт зүйлсийг цуглуулан авч үлдэх эцсийн боломж л үлдээд байна.
Чухам ийм үед Монголын нүүдэлчний соёлын (угсаатны зүйн ч гэж болох) музейг шинээр байгуулах, монголын музейнүүдийг шинэчлэн зохион байгуулах үндэсний соёлын томоохон төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг хойшлуулашгүй зорилт болгох шаардлагатай байна. Богд уулын аль нэгэн аманд ч юм уу хэсэг сайхан газрыг хэрмээр хаагаад дотор нь Монголын нүүдлийн ахуй, түүхэн хувьсал, цаг цагийг тольдох урц жодгор, асар цацар, өргөө гэр, юм юмыг цогцлоон нэг сайхан парк байгуулаад парк дотроо монголын уран барилгын ур донжийг илтгэхүйц жижгэвтэр нэлээд хэдэн бат бөх асруудыг чулуу, ган орчин үеийн барилгын сайн материалаар барих хэрэгтэй. Түүн дотроо цуглуулагчдыг урина. Тэд цуглуулгатайгаа орж ирнэ гэж байна. Улс нь соёлын өв хадгалан хамгаалагчдаа дэмжээд тэд засгийн газрынхаа хөтөлбөрийг дэмжээд хамтын хүчээр энэ ажлыг хийх боломжтой юм. Энэхүү цогцолбор дотор улсын болон хувийн түүх соёл, угсаатны зүйн маш ховор цуглуулгын сан хөмрөг цогцлох болно. Төр засгаас хөрөнгө томоохон оруулах шаардлагатай байна. Зориулалтын ганц байр болох Лениний музейг МАХН ядарсан музейдээ эргүүлэн өгчихмөөр байна. Ингэвэл төрөөс татаас аван үлгэн салган оршин тогтнодогоо больж музейнүүд маань хөл дээрээ босно. Өөрийгөө өөд татаад зогсохгүй, соёлын салбарт хөрөнгө оруулагч болох хэмжээнд өсч өндийх боломж бий. Үүнийг бусад улс орнуудын музейнүүдийн туршлага бидэнд харуулж байна.

Аливаа улс орны нүүр царай хийгээд тогтвортой хөгжлийн бодитой хүчин зүйл нь соёлын өвийн нь төвшингөөр тодорхойлогддог бөгөөд түүхий алтнаас илүүтэйгээр түүх соёлын дурсгалын үнэ цэнэ он удах тусам өндөр хурдтайгаар өсч байдаг жамтай гэнэ. Монголын соёлын өв арчигдах уу, аврагдах уу гэдгийн зааг дээр ирээд байна! Тунгаан болгоогтун!

Г.Мэнд-Ооёо