Monday, February 25, 2008

Г.Мэнд-Ооёогийн зарим шүлгүүд

ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй

Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй

Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцийд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй


ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ



Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе.
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье.
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшынхаа уянгын бадганд дэврэе.
Ятга болоод хуурын яруухан эгшгэнд бадрая.
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандъя.
Яргай ташуураа бариад ялгуун сааралдаа дарцаглая.
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асъя.
Яшил зандан модноос аялгуу цацрааж эгшиглье.
Ямбуу, магнаг хоёрын ялгааг арилгаж бясалгая.
Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзъя.
Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзье.
Янжинлхам бурханы ятгын чавхдасанд эгшиглье.
Яруу найргийнхаа болор сүмд цагийн цагт гэрэлтье.



Уулсын дүрийг тайлахуй


Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шаштираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана

Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу
Хөх хөх дусал навчис дээр гялтайна
Уйтгараа тайлж манан будангаа хөөж
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна.

Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы усан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ

Нарны туяаг утас шиг сүлжсэн бороон сэмдэс
Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ
Өнгийн цэцгийг янз янзаар алаглуулан
Өлмий биедээ хивсний хээ нэхнэ

Наян хэлний шувуудаа мөчир болгонд томилж
Намуун аястай жигүүртний чуулгыг дэглэнэ
Өнгө эгшиг бүхэн нь эрхэмсэг найрсуу болоод
Өвс, чулуу болгон нь утга уянга хэлхэнэ

Хүүгийн минь эрх хонгор дууг уулс чагнаж
Хүрэн улаан хадандаа соронзон бичлэг хийнэ
Хөлгөн их уулсын баяслын айзмаар донгодох
Хөхөөн дуу их хангайн ятга чавхдас юм заа

Ганцхан ширхэг гандсан шар навч нь ч
Газар дэлхийн амьдралын зуун түүх ярих
Буянт их уулсынхаа ухаалаг гүн бодлыг
Буурал хорвоогийн нэгээхэн агшинд тааж ядна…

Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Үзэж таниагүй шинэ цэцэг ургажээ та минь!
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
Өнөөдөр биеэ олсон уран туурвил мөн үү?


ГОВИЙН ГУРВАН САЙХАН



… Цагаан шөнө урсана …

Гурван цагаан тэмээ гуван гуван алхаатай
Гурван сайхан уул гүвэн гүвэн бараатай
Гурван залуу бүсгүй Гурван сайханд нутагтай

… Цагаан шөнө урсана …

Амгалан шөнөөр тэнгэрийн гоо манлай нь
Арван тавны саран
Алиахан зантай говийн гурван бүсгүй нь
Арван тавны саран
Аялах дууны нь түвшинд дүүрнийг хэлбэл ч
Арван тавны саран

… Цагаан шөнө урсана …

Хулсан хуурын аялгуу жиргэн жиргэн айсуй
Холын нэгэн домог сэрэн сэрэн айсуй
Холбоо гурван уул өндөс өндөс айсуй

Хөхөл хөхөл уулс хэлхэлдэн хөлхөлдөөд
Энхэл донхол бартаа ирэлзэн жирэлзээд
Анхил танхил аялгуу эргэлдэн зэргэлдээд

… Цагаан шөнө урсана …

Туяан сортой зогдроо сугсрах тэмээн тэшээ
Туяхан салхины хэлийг хуурдана
Гоо сайхан бэлэгдэл гурван уулын сэвшээ
Говийн нэгэн домгийг хуурдана
Өнө эртний домгоос гурван сайхан хүүхэн
Өнөө бидний сэтгэлийг хуурдана

… Цагаан шөнө урсана …

Гурван сайхан оргилын бутуул бургалж сэртэлзээд
Гурван сайхан бүсгүйд дөхөж ойртож ширтэлцээд
Гурван сайхны домог босож алдан сортолзоод

Бүгээхэн сарны туяанд цагаан алчуур дэрвэнэ
Хуруухан чинээ хулсанд цэн цэн уянга цуглана
Бүдэгхэн шөнийн дунд үлэмжийн чанар тодорно

… Цагаан шөнө урсана …


Өнгө үзэмжийн хослол хөгжмийн хэлээр цогцолж
Байгаль дархан өөрийгөө туурвина
үүрд мөнхийн гоо нь үеийн үед удамшиж
Хүний сайхан - нутгаа туурвина
Хосгүй уянган бүрдэл аяндаа ийнхүү зохицож
Хожмын үлгэр оршилоо туурвина …

… Цагаан шөнө урсана …


ХҮНИЙ ГЭРЛИЙН ДУУЛЬ


Орчлон төрхөө олоогүй байхад
Огторгуйн наран мандаагүй байхад
Эртний хүмүүс өөрийн биеэсээ
Эрдэнийн гэрэл цацраадаг байжээ.
Салаа модод гэрэлт жимстэй
Санаа сэтгэл гэрэлт бодолтой
Гэрэлт хүмүүс харанхуйг сүлж
Гэм зэмгүй амьдарч байжээ.
Өөрийн модных нь гэрэлт жимс
Өдий төдийгөөр сагсайж байхад
Бусдын жимс зарим нэгд нь
Бузгай амттай санагдах болжээ.
Гэрлээ унтраагаад тийм хүмүүс
Гэтэж мярааж явах болжээ.
Хаяа бөөрөө хадран хумсалж
Харанхуй царайлан суух болжээ.
Нэг нэгээрээ гэрлээ бөхөөсөөр
Нэлэнхүй даяараа харанхуйд живжээ.
Галав эрин юүлэн өнгөрч
Ганцхан домог хорвоод үлджээ.
Буман жилийн харанхуйн дараа
Бурханы авралаар наран гийжээ.
Бичин балрын зуун улирч
Бидний эрин дэлхийд манджээ.
Гэрэл гэдэг улам л хэрэгтэй
Гэгээн наран ч багадах болжээ.
Орон дэлхийгээ гэрлээр сондорлож
Одон мичдийн гижгийг хүргэжээ.
Цацрах туяатай чимэг юугаар
Царай зүсээ ч гоодох болж
Ондоо бусдын гэрэлд шүтэж
Одоогийн хүмүүс явах болж
Өөрт нь байсан өнийн гэрлийн
Өнгө нь улам буурах болжээ…
Сэвгүй царай нь гэрэлтэх хүмүүсийн
Сэтгэлийн гэрлийг л үгүйлэх боллоо.
Өмнөх галав руу дахиад өнгийж
Өнөөх домгоо дурсах боллоо.



Нээхийн утган хэлхээ

Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал

Байгаль эхийн гоо сайханд би оршном
Барагдашгүй бялхах уянга нь намайг нээнэм
Одон ертөнц, түмэн бодис намайг нээнэм
Одох ирэх цаг хугацаа намайг нээнэм

Элсэн ширхгийн есөн өнгө намайг нээнэм
Эрхэс гаригийн ураг холбох дохио намайг нээнэм
Найз нөхдийн дуу хуур намайг нээнэм
Нарны гэрэл, түүний толбо намайг нээнэм

Түмний дундаас ширтэх харц намайг нээнэм
Түүнд би яаж хандахаас өөрийгөө нээнэм
Мөчөөрхөл атаархлын хорон үгс намайг нээнэм
Миний үзэн ядахуйн шуурга салхин намайг нээнэм

Их Нацагдорж найргаараа намайг нээнэм
Эрдэмт өвгөдийн мэргэн сургаал намайг нээнэм
Нулимс бөмбөрүүлсэн хонгор өдрүүд намайг нээнэм
Нууцыг хадгалсан шөнийн харанхуй намайг нээнэм


Зүрхний минь айзам хөг намайг нээнэм
Зүүдний минь зөн мөрөөдөл намайг нээнэм
Энэ биений тасархай үр хүүхэд намайг нээнэм
Ирээгүй,үзээгүй,мэдээгүй бүхэн намайг нээнэм

Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм

Амьдрасны минь утгын цэг намайг нээнэм
Алсын замд үдэгсэд тэр өдөр намайг нээнэм
Эргэн тойрон ургах цэцэгс намайг нээнэм
Эргэж авчрах хожмын дуртгал намайг нээнэм

Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм.