Thursday, November 22, 2007

ЦАГААН МАНАН, ГЭГЭЭН ГУНИГ

Я.БААТАР
(Утга зохиол судлаач, Яруу найрагч, доктор Ph.D)

ЦАГААН МАНАН, ГЭГЭЭН ГУНИГ

Хоног сарын гунигаа цөөхөн дуундаа үлдээнэ
Хожмын үрс минь дуулбаас цагаан манан татна
Аяа, тэр манан бол миний манан юм шүү!
Аясын салхи аргадахад л арилах гэгээхэн гуниг юм шүү!


Яруу найрагч гунигланам. Энэхүү гунигийн дундаас цэнгэ­лийн дуу төрнө. Ер ертөнцөд анхны шүлэг мэндлэхдээ гуниг­лан харуу­сах сэтгэлээс төрсөн гэдэг. Тийм болоод л үе үеийн шүлэг­чид гуниглаж явсан байх.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн гэгээн гунигаас үүдэж баяс­лын дуунаар бүрдсэн шүлгийн шилмэл тэргүүн ботийг та бид дөнгөж сая уншлаа. Урьд өмнө нь түүний шүлэг най­раг­лалын түүврүүдэд хэвлэгдэж байсан шүлгүүдээс шилж дээ­жилж, сүүлийн үеийн зарим цөөн бүтээлээ оруулсан энэ номыг би цоо шинэ ном уншиж байгаа юм шиг л уншлаа. Удаа дараагийн шүлгийн түүврүүдийг нь тухай тухайн цагт нь болоод хожим сүүлд дахин уншиж байсан ч гэлээ, эрхэм нөхрийн шинэ ботийг редакторлахаар хүлээн авахдаа шүлэг бүрийг нь эргүүлэн уншиж, унших бүрийдээ шинийг мэдрэн сэрж, тэгснээрээ цоо шинэ ном уншсан мэт сэтгэгдэл төрсөн билээ. Уншигч мэргэн танд ч бас ингэж санагдсан болов уу гэж санана.
Яруу найрагч гуниглана гэдэг яавч эгэл жирийн хэрэг биш. Эгэл амьдралын бор өдрүүдээс эгэлгүйг нь олж, гүн ухаан хэ­мээх бодрол бясалгалыг амьдрал дундаас нээнэ. Тунгаан бо­дох бодол нь тэр чигээрээ шижир алтыг шүүн авахтай адил. Эсвэл алмаз эрдэнийг аль олон ижил төстэй хуурмаг чулуунаас ялган таних адил эгэл жирийн дундаас эгэлгүйг нь “Энэ л байна шүү дээ” хэмээн дуу алдтал зураглан гаргаж ирнэ. Ийм нээлтээр баялаг байх тусмаа яруу найраг өнгөтэй өөдрөг байж, яруу найрагч нь уншигчийн сэтгэлд хоногшин үлддэг билээ.

***
Гомбожавын Мэнд-Ооёо 1952 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт төржээ. Түүний намтар манай мянга мянган залуусын намтраас гоц ялгаагүй бөгөөд дунд сургууль төгсөөд УБДС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг 1978 онд төгсөж, одоо МРТУХ-нд редактораар ажил хөдөлмөрийн анхны гараагаа эхэлж байна.
Яруу найргийг хүүхэд ахуй үеэсээ эхлэн оролдож, анх “Сүхбаатарын зам” сонинд “Ганга нуур” (1966) шүлгээ хэвлүүл­сэн нь уран бүтээлийн нь дээж болжээ. Түүнээс хойш яг 10 жилийн дараа 1976 “Утга зохиол,урлаг” сонины “Таны шинэ танил” булангаар уншигч олонтойгоо танилцсан байна.
Энэхүү товч намтрыг бид бүхний эрхэмлэн хүндэлдэг дээд багш, Монгол Улсын төрийн шагналт, уран зохиол судлагч Д.Цэнд бичсэн юм. Г.Мэнд-Ооёогийн “Бодлын шувуу” хэмээх анхны түүврийнх нь оршил өгүүллээс сая иш татлаа. 1978 оны 12-р сарын 7-ны өдөр Д.Цэнд багш оршил өгүүллийг нь бичиж суусан “Бодлын шувуу” түүвэр 1980 оны хавар хэвлэгдэн гарч наяад оны яруу найрагчдын нэгэн түүчээ болж уншигчдынхаа гарт хүрсэн юм. 1980-аад оны эхэн хагаст тухайн үеийн залуу яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”, З.Түмэнжаргалын “Үүрийн тэнгэр”, Д.Цогтын “Анх­ны шан­гийн дуу”, Ж.Саруунбуянгийн “Хонгор зул”, Л.Мягмарсүрэнгийн “Урины амьсгал”, Д.Төрбатын “Улаан жигүүр”, О.Дашбалбарын “Оддын аялгуу”, Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал” зэрэг түүврүүд хэвлэгдэн гарч, уншигчдынхаа гарт хүрч эхэлсэн билээ.
“Бодлын шувуу” түүврээс дээжилсэн шүлгүүд нь энэхүү ботийн “Хорин таван нас” хэмээх анхны бүлгийг бүрдүүлж байна. “Дэлхий ээж” гэдэг хоёрдугаар бүлэг нь “Өлзий утас” (1984) түүврээс, “Энэ насны нэг агшин” хэмээх гутгаар бүлэгт нь “Хуурын магнай” (1990) түүврийн шүлгүүдээс орж байна. Ха­рин “Хөх нуурын хөвөөгөөр явган манан гэлдэрч ...”, “Жагарын цэцэрлэгээс Жанрайсигт залсан гүмүда”, “Гол ус тун­га­лагших цаг” гэсэн дөрөв, тав, зургадугаар бүлгүүд нь “Утгын болор сүм” (1997) түүврээс, “Найман дууль”-иас бүрдэх долдугаар бүлгийг хэд хэдэн түүврээсээ авчээ. “Есөн сарын улаан навчсын гунигийг ойлголоо” хэмээх наймдугаар бүлэг бол хараахан ном түүвэр болж хэвлэгдээгүй шинэ бүтээ­лүүд нь голлож байгаа юм. Есдүгээр бүлэгт яруу найрагч О. Дашбалбарын бичсэн “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо” гэдэг өгүүллийг орууллаа. Ийм есөн бүлгээс бүр­дэж байгааг хэлэх ялдамд түүний хэвлүүлсэн шүлгийн түүврүү­дийн нэрийг бараг тооччихлоо.
Гэвч энд нэр дурдагдаагүй ном түүвэр бас бий. Хүүхдэд зориулсан “Жиргээ хөөрхөн шувуухай” (1980), “Уулнаас өн­дөр тэмээ” (1983), “Найман шаргын туурь” (2000) зэрэг номууд нь хэвлэгдсэн бол шилдэг шүлгүүд нь монгол, англи, орос, япон, франц, хинди хэлээр “I am coming to you” (“Чам руу би явж байна”) гэсэн нэртэйгээр Улаанбаатарт (2000) хэв­лэгд­жээ. Мөн зохиолчийн “Алтан -Овоо” гэдэг роман 1993 онд хэвлэгдсэн юм. “Мэгжиджанрайсиг” хэмээх баримтат зо­хио­лыг 1997 онд хэвлүүллээ. Зураач Марзан Шаравын бүтээ­лийг гол болгосон “Эсгийн туургатны соёл, Их Монгол” үзэс­гэ­лэн­гийн номыг япон (1998), солонгос (1999) хэлээр тус тусын улсад хэвлүүлжээ. Ажил төрлийн шугамаар энэ мэт хэвлүүлсэн ном товхимол цөөнгүй бий.
Г.Мэнд-Ооёо утга зохиол, урлаг соёлоо судалж шинжсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, эрдэм шин­жил­гээ­ний бага хурлуудад илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Түүний бичсэн “Дашдоржийн Нацагдоржийн үргэлжилсэн үгийн зохиолын яруу найраг” гэдэг нэгэн сэдэвт зохиол бас бий.
Бусдын зохиол бүтээлийг, ялангуяа гучаад оны хэлмэгдэлд өртсөн сэхээтнүүдийн нэр алдрыг сэргээж, бүтээлийг нь ний­тэд түгээн сурталчлах талаар Г.Мэнд-Ооёо бас багагүй хөдөлмөрлөсөн юм. Садоо овогт Б.Шагжийн “Монгол бичгийн дөт зам” гэдэг сурах бичгийг (1990) онд хэвлүүлэв. Дараа нь С.Шагжийн “Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн чимэг” хэмээх бичмэлээрээ үлдсэн толь бичгийг Д.Цэрэнсодномын хамт “Монгол үгний тайлбар толь” нэртэйгээр хэвлүүлэв. С.Шагжийн “Монгол үсгийн дүрмийн толь” гэдэг нэртэй 1937 онд хэвлэгдээд өнөө цагт эрэл сурал болсон ховор бүтээлийг дахин хэвлэж нийтэд түгээв.Ийнхүү монгол хэл бичгийн гарамгай эрдэмтдийн нэг С.Шагжийн нэр төрийг сэргээж, бүтээлийг нь түгээн сурталчлахад шинэ цагийн сэхээтэн Г.Мэнд-Ооёо ихээхэн анхаарал тавьж, хичээл зүтгэл гаргажээ. Их эрдэмтэн Шагжийн мэндэлсний 110 жи­лийн ойг эрдмийн баяр болгож, Автай сайн ханы өргөөнд ёслон тэмдэглэсэн билээ.
Хайр дурлалын сэдэвт шилдэг шүлгийн эмхтгэл, дөрвөн цагийн сэдвээр бичсэн шилдэг бүтээлийн дээж зэрэг түүвэр эмхт­гэ­лүүдийг бас хийж хэвлүүлж байлаа. “Алтан -Овооны тайл­гын судар” гэдэг номыг О.Сүхбаатарын хамт бэлтгэж хэвлүүлжээ.
Бас цөөнгүй яруу найрагчийн ном түүврийг редакторлан зарим ном бүтээлийг орчуулан хэвлэхэд оролцож байжээ. Жишээлбэл, М.Шагдарсүрэнгийн орчуулсан “Бурхан баг­шийн сургаал”, Дорнод аймгийн багш Д. Алтангэрэлийн орчуул­сан С.Есениний “Шүлэг найраглалууд” гэх зэрэг номуу­дыг ариутган шүүж, олны гарт хүрэх замыг нь засалцсан бай­на. Энэ мэтээр бичиг номтой салшгүй холбоотой болсон хүн юм. Тиймдээ ч “Монголын бичиг соёлын хишиг өдөр”-ийг санаач­лан тэр өдрөөр ном соёлоо сурталчлах өргөн хүрээтэй ажил зохиодог уламжлалтай болжээ.

Мэгжиджанрайсиг их шүтээнийг дахин бүтээх үйлсэд оройлон оролцсоныг олон түмэн андахгүй. Тийм ч учраас түүнийг зүй ёсоор Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (1996) гэдэг эрхэм хүндэт цолоор шагнасан билээ. Аугаа их Д.Цэнд багшийн бичиж эхэлсэн товч намтар ийнхүү баяжин дэлгэрч байгаа бөгөөд энэ ч бас цаашдаа баяжих болно.
***
Г.Мэнд-Ооёогийн ажил хөдөлмөрийн гараа Замын-Үүдээс эхэлжээ. Улаанбаатарт Багшийн сургууль төгсөөд Дорноговьд ажиллахаар очтол Замын-Үүд рүү цөлчихжээ. Цөлөх ч гэж, аймгийн төвд суух арын хаалгагүй болохоороо л амьтан хүн очоод байя гэдэггүй тэр хязгаарт томилогдсон хэрэг. Тэр үед Монгол, Хятад хоёр улсын харилцаа тааламжгүй байсан болохоор тийшээ очих хүн тоотой хэд л байжээ.
Буйдхан тосгоны яг л ийм нэгэн шөнөөр
Буудал хөлийн газрын түшлэгт модон сандал дээр
Ялгуум сарыг өвөр дээрээ тавьсан мэт
Явуухулангийн шүлгийг чамдаа би уншсан! /”Эх нутгийн шөнө, гэргийтэйгээ” 1987/
Замын-Үүдэд гурван жил багшилчихаад хүү, охин хоёртой болчихоод “Галуун цуваа”, “Галтай газар хүнтэй” гэдэг шүлэг бич­чихээд 1974 оны намар УБДС-ийн монгол хэл, уран зохио­лын ангийн шинэ оюутан болж элссэн билээ. Тэр цагаас эхлэн энэ сайхан яруу найрагч бид хоёр хамт цугтаа баярлаж гуньж, бас заримдаа даварч дэвэрч яваа билээ. Улаанбаатарын нөлөө бүхий хоёр дугуйлангийнхан ингэж хамтран суралцаж бай­лаа. Тэр дугуйлангийн шилдгүүдийг МЗЭ-ийн хорооны дэр­гэ­дэх яруу найргийн клубт хичээллүүлнэ. Залуу яруу най­рагч­­дын үдэшлэгийг их, дээд сургуулиудад хийсний дараа МХЗЭ-ийн Төв Хорооны дугуй танхимд хийж байлаа. Дугуй­лан­гийн­хаа хичээлд Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж, Ц.Гайтав, Л.Чойжилсүрэн, Б. Цэдэндамба нарын зэрэг нэрт зохиолчдыг урин аваачдаг байлаа. Тэр үед нэрд гарч эхэлж байсан Т.Очирхүү, П.Бадарч, Л.Дашням, Б.Цэдэв, Д.Цоодол нарыг ч аваачиж элэгсэг дотноор ярилцдаг байсан юм. Г.Мэнд-Ооёо тэр үед Т.Очирхүүг ихэд хүндэлж дотночлон нөхөрлөдөг бай­лаа. Бас, хөдөөгийн шүлэгч О.Дашбалбар, дараа нь Д.Нямсүрэн нарыг утга зохиолын соронзон тойрогт татаж авчир­сан юм.
Ийм нэгэн их сургуульд тэр суралцаж, дээд сургуулиа төгсөх үед “Жиргээ хөөрхөн шувуухай”, “Бодлын шувуу” гэдэг хоёр номоо хэвлэлд шилжүүлчихээд байсан юм. 1975 онд хүүхдийн номын уралдаан зарлаж арван ном шалгаруулсан бөгөөд арваннэгдэх нь “Жиргээ хөөрхөн шувуухай” байсан юм. Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдорж гуай манай Г.Мэнд-Ооёод их найдвар тавьж байлаа. “Хүүхдийн зохиолын нэг сайн байлдагчаа уянгын яруу найрагт алдлаа” гэж Д.Содномдорж гуай ярьж байсан билээ.
Дээд сургуулиа төгсөөд Монголын Радиогийн урлаг соёлын редакцид ажиллах болсон явдал түүний уран бүтээлийн өсөлтөд эерэг сайнаар нөлөөлсөн юм. Энд ажиллаж байх үедээ “Өлзий утас”, “Хуурын магнай” гэдэг сайн номуудаа бичсэн юм. Радиогийн редактор, хариуцлагатай редактор, Монгол телевизийн утга зохиолын нарийн бичгийн дарга, ерөнхий редактор зэрэг ажил арав гаруй жил хийгээд МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолчоор хоёр жил ажиллав. 1991 оноос Монголын Соёлын сангийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1994 оноос Монголын Соёлын сангийн ерөнхийлөгчөөр сонгогдон одоо хүртэл ажиллаж байна. Энэ хооронд 1997-2000 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газрын захирлаар ажиллаж байв.
Улсдаа ажиллах, уран зохиолоо туурвих хоёр ажлыг зэрэг зэрэг л амжуулж явсан юм. Өөрөөр хэлбэл болжмор болоод шар шувууны ажлыг хийсээр ирсэн юм. Тэгэхдээ аль алийг нь цалгардуулахгүй сайн албан хаагч байж, уран зохиолын нэртэй төлөөлөгчийн нэг болсон юм.



***
Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл уянгын шүлгээр эхэлсэн юм. Одоо ч тэрээр уянгын шүлгээ бичсээр, уянгын нэрт масте­руудын нэг болжээ. Танин мэдэхүйн уянгаар эхэлж ухаа­рал, эргэцүүллийн уянгаар тэлж, бясалган тунгаахуйн уянгаар бүрдэн цогцлох жам ёсны дагуу түүний уран бүтээл хөгжин цэцэг­лэж яваа юм. Нэг хэсэг улс төр, иргэний уянга бичиж завдсан боловч түүнийг тэгсхийгээд орхижээ.
Сэдвийн хувьд Г.Мэнд-Ооёогийн шүлгүүд бас л баялаг юм. Юуны өмнө эрхэмлэн дуулдаг шүтээн нь байгаль эх билээ. Байгалийн гоо сайхныг мэдэрч, түүгээрээ орчлон ертөнцөө нээхийн тулд “Голын чулуу”, “Цэцгийн үнэр талынх байдаг”, “Их хангайн хэмнэл”, “Хэрлэн” зэрэг шүлгүүдээ бичжээ. Цаашлаад “Цагаан дэглий”, “Цамбагарав”, “Гангын найман сондор”, “Орхон мөрөн чихэн доогуур урсана” гэх зэрэг эх орныхоо үзэсгэлэнт уул усыг оюун сэтгэлийн төвд тавьж, түүгээрээ дамжуулан эх орноо нээж байлаа. Эдгээр нь “Хэсэг цагаан манан”, “Цагийг эгүүлэгч шувууны даллага” гэсэн бүлэг шүлгүүдээр улам төгөлдөржсөн юм.
Байгалийн гоо сайхнаас “Сэтгэлийн байгаль”-ийг нээж, хүний сэтгэлийн гүн рүү асаж дүрэлзэх уянгын шүлгээ,
Дунайсан хөх тэнгэрийг цагаан эсгий дээр амрааж Сунайсан дөрвөн цагаар угалз хээ мэтгэж
Намар оройн тэнгэр доор нум шиг бөгцийж суугаад
Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр
байгаа юм шиг л шаглан урласан байдаг билээ. Эндээс үүдэж Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн уран чадварын зарим нэгэн асуудлыг сөхөн ярьж болмоор санагдав.
Юуны өмнө Г.Мэнд-Ооёо бол уран хэлний шүлэгч юм. Ухаан бодлын төвлөрлийг хүний сэтгэлд хүртэл задлаж өгө­хийн тулд унага даага нь үүрсээд эжийдээ эрхэлж байгаа юм шиг, эсвэл тэнгэр газар нь эвсэлдээд эртний түүхийг өгүүлж бай­гаа юм шиг уран налархай хэл найруулгаар бичдэг юм. Монгол хэлний үгсийн сангийн арвин баялгаас чамгүй хувь хүртэж, шүлэгтээ урлан шигтгэж өгдөг. Ер нь түүний хэл найруулгын төрх төлөвийг ажихад монголын сонгодог бич­гийн хэлний найруулгыг эрхэмлэн шүтсэн нь илт байдаг юм.
Энэ номын нэгэн бүлэг болгож оруулсан О. Дашбалбарын өгүүлэлд түүний яруу найраг дотор байгаа хэд хэдэн содон мөр бадаг, тэрчлэн онцгой содон үгийг соргог мэдрэн ажиг­лаж, тэдгээрийг уншигчдын өмнө нээж өгсөн байгаа билээ. О.Дашбалбарын бичсэн нийтлэл өгүүллүүд нь зүгээр нэг хөндий хоосон хөвүүлсэн магтаал буюу зэмлэл бус, тухайн уран бүтээлчийн содон соргог шинж төрхийг нээн ажиглаж өгүүлсэн байдгаараа үнэ цэнэтэй юм. “Хүлэг морь ганихарч, нутгаа тэмцэх цаг дор ...” гэдэг шүлгийн зарим үг, мөр, бадгаас эш татан ярилцъя.
Өвсөн толгойн цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо ...

Энд байгаа “цан цэцэглэх” гэдэг төдийлөн элбэг таарал­дах­гүй үгийг чухамхүү Мэнд-Ооёо л зохиосон юм. Монгол ардын дуунд:
Өвлийн нар нь
Өвөлжөөндөө дулаахан даа
Өвөлжөөндөө байгаа хүү маань
Наддаа ойрхон доо хө
гэж өгүүлдэг. Чухам энд ардын дууны гүн ухаан оршиж бай­гаа билээ. Өвлийн нарыг зуны нартай харьцуулбал яаж дулаан байж чадах билээ. Харин өвөлдөө бол дулаан байж чадна. Тэр мэтээр Г.Мэнд-Ооёо ургуулан сэтгэж, өвлийн цагаар өвсөн толгойг цэцэглүүлж чаджээ. Өвсөн толгой яаж цэцэг­лэв гэвэл цантжээ. “Цан цэцэглэх” гэдэг үг чухамдаа ийнхүү амьшин зохицож, шүлгийнхээ дунд байраа эзэлж байна. Хэрвээ “Өвсөн толгой цэцэглэх өвлийн өдрүүд одлоо” гэсэн бол хэтэрхий хийсвэр болж, амьдралын үнэнээс гажих билээ. Эсвэл “өвсөн толгой цантах” гэсэн бол зүгээр л аж байдлын хуулбар зураг болчихно. Ийм нөхцөлд яруу найрагч шүлгээ хэрхэн уран болгож чадав гэвэл “цан цэцэглэх” гэдэг үгийг сонгож авсанд л байна.

“Цан цэцэглэх” гэдэг холбоо үгийг олсноор бодот байдал хийгээд ургуулан сэтгэх хоёр үндсэн чадварыг нэгэн зэрэг илэрхийлж, түүгээрээ нэгэн цогц санааг илтгэж байгаа юм. Амь орлоо гэдэг маань энэ. Энэ шүлэгт хөдөө нутгийн тухай дурсамж сэрэл төрсөн тухай өгүүлэх явцад

Орон хотын амьдралд хөл тэмцэж босоод
Онгоц хөсгийг хөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүүдлийг гүйцсэнгүй! хэмээн ухаан бодлынхоо урыг шигтгээд авсан байгаа юм. Тал нутагт хаврын цагт маш их салхилж, тэр нь зарим үед уршиг тарих нь ч бий. Ерөөс хаврын тэр их салхийг яруу найрагч энэ шүлэгтээ “салхи” гэдэг үгийг оруулалгүйгээр
Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
хэмээн урнаар дүрсэлжээ. Яагаад тэр хөсөг тэрэгний дугуй уруудаж өнхөрдөг билээ. Энэ бол аж байдлын уран нарийн зураглал юм.
Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улиралд нь
Элсэн дээр нь тарваадахаар эрээн майхантай очдог нь
Эдүгээ цагийн хотынхны энгийн араншин мөн өө!

Хотынхон зуны сайхан цагт амрахаар хөдөө очдог гэсэн энгийн өгүүлбэрээр хэлж байгаа санааг мөн ч уран зурагласан байгаа биз. Зун гэдэг ганцхан үгээр илэрхийлэх санааг төлөө­лөн адилтгах аргыг хэрэглэн “Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улирал” хэмээн хэлжээ. Амрахаар очиж байна гэдгийг “элсэн дээр нь тарваадахаар” гэж хэлснээр хэдий тэр хүн орон хотод байр суурьтай, зав чөлөө муутай албан хүн боловч эх газар нутагтаа жаахан хүүхэд мэтээр төсөөлөгдөж байна. Тэ­гэх­лээр “тарваадах” гэдэг үгэнд хүүхэд цагийн жаргал мэт өхөөрдсөн утга байна. Зохиогч энд харин ёгтлох утгаар хэрэг­лэ­сэн байгаа юм. Ёгтлох, өхөөрдөх хоёр ийнхүү нэгэн цэгт давхацна.
Хүлэг морь ганихарч нутгаа тэмцэх, хөх зэргэлээ хөндий уруудаж тал руу зулрах цаг давхцаад ирэх цаг дор эхэн хаврын урьтай хамт эртний хөндүүр сэдэрч байгаа хэдий ч “хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдмүй”. “Эрх чөлөө”, “чөдөр” хоёр шүтэлцэн байгааг үгийн эсрэг утгыг сонгох маягаар эсрэгцүүлж, өнөө цагийн хүмүүс хөдөө нутгаасаа улам улмаар хол­дож байгааг хэлжээ. “Эрх чөлөөнд чөдөрлөгдөж” болох учиргүй. Гэтэл энэхүү гэмийг өмнө хэлсэн хүлэг морь нутгаа тэмцэж байгаа, хөндийн зэргэлээ тал руугаа зуларч байгаагаар үндсэн нөхцөл болгож арилгасан юм. Гэмийг арилгах гээч нь зохист аялгуучдын ур ухааныг шавхсан нэгэн чухаг ойлголт юм. Хэрэв энэхүү гэмийг арилгахгүй бол эрх чөлөөгөөр ч чөдөрлөж болохгүй, өвлийн өвс цэцэг ч цэцэглэхгүй билээ.
Ийнхүү Г.Мэнд-Ооёо уламжлалт найруулах ухааныг орчин үеийн найруулах ухаантай холбож, уламжлал шинэчлэлийн нарийн судсыг нь атгаж чадсан юм. Хэрвээ ингэж чадаагүй бол дан ганц уламжлалт найруулгыг шүтээд сонгодог бичгийн найруулга мэтээр хэн хүнд авсаар ойлгогдохгүй хэдэн хуучин үгээр хөөцөлдөж явах байсан билээ. Гэтэл яруу найрагч тэгсэнгүй. Хуучин үгсийг сонгохдоо ч гэсэн зүй журмын дагуу зохих байрыг нь олж шигтгэж өгдөг учраас этгээд гажуу байдаггүй юм.
Хайр сэтгэлийн уянгыг Г.Мэнд-Ооёо гэгээн тунгалгаар үзүүлдэг юм. Харуусан дурсах учир тохиол гарсан байлаа ч гэсэн түүний нандин сайхан мөчийг авч үлдэж чаддаг юм.
Шүлгийн айзмыг тодруулдаг нэгэн чухал үзүүлэлт нь хайрцаг буюу бадаглал билээ. Бадаглал зүйн хувьд Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт хэлмээр онцлог бий. Юуны өмнө гурван мөрт бадгийг урлан бүтээх талаар амжилттай ажиллаж байгааг тэмдэглэх хэрэгтэй болно. Монгол яруу найргийн уламжлалд “Ертөнцийн гурав” хэмээх гурван мөрт шүлэг, түүнээс гадна японы “Хайку”хэмээх гурван мөрт байдаг хэдий ч Г.Мэнд-Ооёогийн гурван мөрт нь тэдгээртэй адилгүй юм. Дээрх гурван мөртүүд нь тус тусдаа биеэ даасан шүлэг болдог бол Г.Мэнд-Ооёо томоохон шүлэг найраглалаа гурван мөрт бадгаар үг хуваарилж бичсэн нь цөөнгүй.
“Гангын найман сондор”, “Говийн Гурван сайхан”, “Халх голын дайчин Даргиагийн Лхагваагийн зүрхний бичлэг: 1939. Y. 28”, “Домог”, “Хүлэг морь ганихарч нутгаа тэмцэх цаг дор” гэх зэрэг шүлгээ гурван мөрт бадгаар бичсэн байгаа юм.
Монгол шүлгийн нийтлэг жишгийн дагуу түүний яруу найргийн ихэнх нь дөрвөн мөрт бадгаар бүтэж байгаа боловч дөрөв, таван мөрт бадгуудыг нэгэн шүлэгт салаавчлан хослуулсан нь бас тааралдаж байна. “Дэлхий ээж”, “Зуны дунд сард хөдөө гэртээ харилаа” гэх зэрэг шүлгүүдийн эхний бадаг дөрвөн мөрөөр, дараагийн бадаг нь таван мөрөөр сөөлжин бадагласан байгаа нь бадаглал зүйд бас ховор баримт болно.
Хос мөрт, зургаан мөрт, найман мөрт бадгууд цөөнгүй тохиолдоно. Зарим үед шүлэг, үргэлжилсэн үгийг хослуулан бичсэн шүлэг, дууль, найраглал ч тааралдана.

Яруу найргийг болор тунгалаг болгогч нэгэн гол хэрэглүүр нь авиа сонгоход байдаг билээ. Эгшиглэл зүйн үүднээс Г.Мэнд-Ооёогийн шүлэгт хэлэх үг, татах жишээ бэлээхэн байгаа билээ.
Гэрлийн бор шувууд жигүүртээ гал хадгалсан юм шиг тэнгэр бүлээсгэн нисэлдэж
Гэгээн өглөөг эртэсгэнэ,
гэрэлт өдрийг уртасгана (“Бор шувуу”. 1986) гэж бичсэн нь бий. “эртэсгэнэ, уртасгана” гэдэг хоёр үгийн эгшиг авиаг авчихвал гийгүүлэгч авиануудынх нь тоо, байр яг адилхан юм. Ийнхүү утга ондоо ч дуудлага төстэй үгсийг олж сонгосноор шүлгийн эгшиглэнг яруу сайхан болгож байгаа юм.
Сүүл холбох зарчмыг баримтлахдаа ч бас дуудлага төстэй үг сонгож авах талаар манай яруу найрагчид багагүй туршлага хуримтлуулаад байна. Жишээлбэл Г.Мэнд-Ооёогийн “Гангын найман сондор” гэдэг шүлэгт “баясгалан, үзэсгэлэн, эгшиглэн, бууц, сууц, нууц, хуур, туурь, цуур, завъяа, заяа, туяа, ээмэг, домог, омог, цэцэг, цацаг, цомог, хөнөг, олбог, гижиг, хөрөг, найраг, чимэг” гэсэн үгсийг сонгон авч сүүл холбосон байна.
Зарим үед яруу найрагчаас зөв бичих зүйн дүрмийг зориуд зөрчиж шүлгийнхээ эгшиглэлийг тохируулсан удаа ч байна.

Ган цохилуур товшиход чулууны эгшиг сэрээд
Жин жин хийж өөр өөрийн дуугаар жиргэх юм.
Он жилүүдийн чанадахь усны урсгал сонсогдоод ирэхлээр
Олон юм бодогдож газар дэлхийгээ ойлгох юм.

Мөрөн голын чулууд усандаа дуулалгүй удсан ч
Мөнхийн дуугаа мартаагүй байх юм аа, эх орон минь!
Гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулахлээр
Голт зүрх өөрийн эрхгүй уярах юм аа, эх орон минь!
(“Чулууны аялгуу”) гэсэн шүлэгт “ирэхлээр” гэдэгтэй зохи­цуулж дараагийн бадагт дагалдах нөхцөл үйлийн – хлаар нөх­цө­лийг “дуулахлаар” гэж бичих ёстой боловч зориудаар “дуулахлээр” гэж бичсэнээр унших үест сонсголонтой болгож байгаа юм. Бас “Сүжийн нуурын дууль”- д:
Чухам хэзээ энэ ус
Чулуун хашлагатай худаг байсийм
Амсраа дүүргээд асгаж мэлтэрсээр
Аанай яаж нуур үүссийм
гэжээ. “байсан юм”, “үүссэн юм” гэж бичих ёстой гэдэг ойл­гомж­той, бусад зохиолууддаа олон удаа зүй ёсоор нь би­чиж байсан зохиогч энд зориуд ингэж үе хураан эгшиг чимж бай­гаагаа тодруулсан байна. Энэ мэтээр шүлгийнхээ сонсголонг эрхэмлэж урласан жишээ цөөнгүй тааралдана.
Г.Мэнд-Ооёо монголын орчин үеийн яруу найргийг хос уянгаар баяжуулсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй билээ. “Хуур ятгын хос аяз” хэмээх харилцаа шүлгийн маягаар бичсэн шүлэгтээ хайр сэтгэлтэй залуу хосын дотоод сэтгэлийг ихэд нарийн дүрсэлсэн юм. Эрэгтэй нь хуурын аялгуунд, эмэгтэй нь ятгын аялгуунд сэтгэлийн үгээ хэлэлцэж хайрлахуйн жар­га­лыг эдлэн байна. Тэгэхдээ эрэгтэй хүнийг хуур, эмэгтэй хүнийг ятга хөгжмөөр тус тус төлөөлүүлэн өгүүлсэн юм. Хуур, ятга хоёр ээлжлэн харилцан өгүүлж байснаа хоёул хамтран дуулна. Жишээлбэл:
Хөх ногооны униараар холын бараа залгалдаад
Хөвөөлж хошсон цэцгэс нь наашаа чигтэй ганхана
Хөндий хол л газраас чиг хоёр эгшиг эрмэлзээд
Хөг дуурс нь тодорч биесээ чигтэй тэмүүлнэ

гэсэн шүлэг бий. Энэ шүлгийг хэд хэдэн янзаар уншиж бо­лох хос уянга юм гэдгийг анзаарч мэдсэн уншигч олон бай­гаа гэдэг нь ойлгомжтой ч зарим нэгнийг энд тайлбарлан өгүүл­бэл илүүц биш гэж үзнэ. Энэ шүлгийг дараах байдлаар уншиж болно.

Хөх ногооны униараар холын бараа залгалдаад
Хөвөөлж хошсон цэцгэс нь наашаа чигтэй ганхана
Хөндий хол л газраас чиг хоёр эгшиг эрмэлзээд
Хөг дуурс нь тодорч биесээ чигтэй тэмүүлнэ.

Хуур ятга хоёрын, өөрөөр хэлбэл, сэтгэлтэй хоёр залуугийн хамтран дуулж байгаа энэ бадгийг хэд хэдэн янзаар уншиж болох боловч эцсийн дүнд гарах утга санаа нь нэг л байгаа юм. Аль ч маягаар уншсан шүлгийн ур чадвар алдагдахгүй, дэс дарааны зөрчил гарахгүй байгаа юм. Энэ бол хос уянгын үндсэн шалгуур болно. Г.Мэнд-Ооёо 1977 онд “Хос уянга” гэдэг шүлэг бичиж, түүндээ хос уянгыг их л өнгөцхөн дүрсэлж байсан бол 1982 онд бичсэн “Хуур ятгын хос аяз” шүлэгтээ маш уран тансгаар илэрхийлж, чухамхүү дотоод бүтцийн хос уянгыг бүтээсэн юм.
Хос уянгыг бүтээнэ гэдэг нь яруу найрагчаас маш их хөдөлмөр, уран нарийн ухаан, уран чадварын хосгүй эрдмийг шаардах учраас хүн бүхэн бичээд байдаг ч зүйл биш. Бас нэг яруу найрагч гэлээ ч дахин дахин олныг бичээд байдаггүй юм. Энэ бол ур ухааны хос уянга болно. Дорно дахины утга зохиолд зураг, шүлэг хосолсон хос уянга ч бас байдаг. Хос уянгыг хөгжүүлэх талаар Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Ойдов нарын санал солилцсон олон жилийн хөдөлмөрийн түрүүч зарим нь энэ юм гэдгийг хэлэхэд таатай байна. Ц.Ойдовын хос уянга удахгүй хэвлэгдэнэ биз ээ.

***
1976 оны хавар Г.Мэнд- Ооёогийн “Голын чулуу” тэргүүтэн шүлгүүд “Утга зохиол, урлаг” сонинд “Таны шинэ танил” булангаар хэвлэгдэж тухайн үедээ дуулиан тарьж байж билээ. Одоо бол од болчихлоо, сонгодог болчихлоо гээд л цамнах байсан биз ээ. Тэр үеэс л түүний шүлэг олны анхаарлыг татсан юм. Энэ нь манай “Гал”-ынхны хувьд маш том бахархал байлаа. Уран бүтээлийн хувьд санаа нийлж бие биенээ урмаар тэтгэдэг хэсэг нөхөд өөрсдийгөө “Гал” хэмээн нэрлэцгээсэн юм. Энэ нь одоогийнхоор бол төрийн бус байгууллага л даа. “Гал” нэгдэлд УБДС-ын Г.Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар, АУДэС- ийн Д.Цогт, Л.Мягмарсүрэн, МУИС- ийн Ц.Ойдов, Хууль цаазын дунд сургуулийн Б.Сундуй нэгдэж орсон бөгөөд удалгүй О.Дашбалбар, Ж.Саруулбуян, Д.Нямсүрэн нарыг эгнээндээ нэгтгэсэн юм аа. Манай ам бүл ингээд л болох бөгөөд дахиж эгнээгээ өргөтгөсөн зүйл байхгүй. “Гал”-ын ахлагчаар Г.Мэнд-Ооёог сонгосон юм. Тэрхүү хурлыг Комбинатын шар байшинд хийсэн билээ. Комбинатын шар байшин гэдэг маань Г.Мэнд-Ооёогийн хадам эцэг Базар гуайн гэр билээ. Ажилчин өвгөн Базар гуай – олон таван үг байхгүй, биднийг аугаа их том зохиолчид юм шиг л хүндэлдэг байсан.
Удалгүй Г.Мэнд-Ооёогийн “Бодлын шувуу” түүвэр хэвлэг­дэв. Тэр цагийн хүчтэй шүлэгчид болох З.Түмэнжаргал, Б.Лхагвасүрэн нарын анхны түүврээс 1-2 жилийн өмнө хэвлэгдэн гарч байгаа болохоор бас л бидний баяр байлаа. Энэ үеэс эхэлж судлаач шүүмжлэгчид Г.Мэнд-Ооёогийн бүтээлийн талаар бичиж эхэлсэн юм. Далд аман шүүмжлэл өрнөж байсныг хэлээд ч яах вэ. Тийм л байх жамтай биз. Харин уран зохиол судлагч, шүүмжлэгч Д.Цэнджав, Б.Цэдэв, Х.Сампилдэндэв нар түүний шүлэг найраглалын талаар бичсэн юм. Д.Цэнд багш ч бас өгүүлэлдээ хэд хэдэн удаа тэмдэглэсэн билээ. “Алтан -Овоо” романы талаар Ш.Уянга, Т.Очирхүү нар бичив. Мөн түүний тухай томоохон хөрөг найрууллыг О.Дашбалбар бичив. Г.Мэнд-Ооёогийн тухай одоогоор хамгийн дэлгэрэнгүй тодорхой бичсэн нь О.Дашбалбар болно. “Найз нөхдийн дуу хуур намайг нээнэм” гэж нэгэн шүлэгтээ Г.Мэнд-Ооёо бичжээ. Тийм учраас энд зориуд сонгон авч нэгэн бүлэг болгож байгаа билээ.
Гадаадын судлаачдаас Оросын эрдэмтэн Г.Ярославцев, доктор Л.Скородумова нарын бичсэн зүйл бий. Харин Японы судлаач профессор Ишихара Такеши түүний “Нээхийн утган хэлхээ” шүлгийн тухай дэлгэрэнгүй бичсэн юм. Түүний тухай хэн хэн бичиж эхлэв гэдгийг л жишээ болгож энд нэр дурьдсан болохоос бус бүгдийг нэрлэх гэж чармайсангүй. Харин Г.Мэнд-Ооёогийн бүтээл судлаач шүүмжлэгчдийн анхааралд хэдийн өртсөн хэрнээ нэг их бичигдэхгүй л байгаа юм. Судлаач шүүмжлэгчид үгээ хэлэхээс цэнээд байна, эсвэл харамлаад байна уу гэсэн сэтгэгдэл төрдөг юм.

***
Яруу найрагч гунигланам. Сайн шүлэг биччихвэл дахиж яаж ийм сайныг бичих вэ? гэж гуниглана Муу шүлэг биччихвэл би яагаад ийм муу шүлэг биччихэв дээ? гэж гуниглана. Үерхэж явсан он жилүүдэд тэр маань аав ээж хоёрыгоо мөнхийн аянд үдлээ. Үйлийн үргүй сайн нөхдөөсөө ч алдлаа. Хамгаас илүү гунигтай нь эцэг хүн хүүгээ алдах юм даа. Том хүү Наранбаатарыгаа алдлаа.
1975 оны намар Г.Мэнд-Ооёог даган хүүгийнх нь цэцэр­лэг дээр очиж билээ. Ворошиловын Цагаан хаалганы хажуу­хан­тайх цэцэрлэгт хөтөвчтэйгээ мөлхөж яваа хүү аавы­гаа харчихаад л улам хурдлан явж байж билээ. Тэр бол Наранбаатар байсан юм. Хар багаасаа уран бүтээлч боло­хоор зорин тэмүүлж телевизийн зураглаач болж билээ. Мэргэ­жил­дээ өсч байгаа сайн мэргэжилтний нэг гэж таньж мэдэх ахмад нөхөд ч үнэлж байлаа. Гадаадад ч бас түүний хийсэн кино, нэвтрүүлэг зэргийг үнэлж, уралдаан тэмцээний тэргүүн шагналыг олгож байсан юм.
Нэг л их цас лавсан орсон өдөр хүүгээ эх дэлхийдээ өлгийдөв. Түүнээс хойш идэр залуу нөхрийн маань толгой мэдэгдэхүйц буурал нэмэв. Ингэхлээр гунилгүй ч яах вэ! Гэсэн ч, том хүүгийнхээ хоёр хүү Билгүүдэй, Есүдэй хоёрыг харан сатаарч, үр ач нарынхаа төлөө, үй түмэн уншигчийнхаа төлөө аж төрж явна.
1979 оны зун юмсан уу, 1980 оных ч юм болов. Нэгэн өдөр би үдийн цайны цагаар Явуу багшийнд Мэнд-Ооёог дагуулан очлоо. Бид нэг их удаан тухалсангүй. Ярих ёстойгоо ярьчихаад явахыг завдахад Явуу багш:
- Мэнд-Ооёо чинь манайд анх орж ирж байгаа! гэснээ номын шүүгээ рүүгээ өнгийж М.Ю.Лермонтовын дүрийг сийлсэн болор чулуун дурсгал аваад Лермонтов шиг яруу найрагч болоорой! гээд бэлэглэж билээ. Үнэхээр ч тэр үгийг санасан ч юм уу, Лермонтовын ур цэцээс Г.Мэнд-Ооёо бишгүй суралцсан шиг санагддаг юм. Тэгээд ч монголын яруу найргийн шүтээн болсон Б.Явуухулантай багш шавь бололцсоноо ихэд бэлгэшээн бахархаж хожмоо түүний дурсгалд хэд хэдэн шүлгээ зориулжээ.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө, би
Орог саарал зэргэлээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурын шүд өвөл хангинах хоолойд
Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө, би

Онгон элс, Шар бүрдээр нутагтай нутаг амьтай найрагч Г.Мэнд-Ооёогийн гэгээн гунигийг арилгах аясын салхи нь энэ шүлэг ч байж магадгүй.

Монголын орчин үеийн яруу найргийн нэгэн шилдэг төлөө­лөгч Г.Мэнд-Ооёогийн шилмэл түүврийг эмхэлж, дагуул үгийг нь бичиж суухдаа би ч бас гуниглачихав байна.

Омголон хүслийн мөнх бамбар асааж
Одоо миний дүрэлзэх цаг болсон

гэсэн түүний үг харин гэгээн гунигийг минь арилгаж гэрэлтэй замд хөтлөв байна. Ийнхүү уншигч олноо хөтөч байх болтугай!

2001. YII.22-27

Я.Баатарын гар бичмэл
Үүнийг зохиогчийн хувийн архиваас авлаа

Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн тухай

Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн тухай
судлагч, шүүмжлэгч, яруу найрагчдын тэмдэглэсэн нь:


Икеда Дайсаку: (Японы нэрт яруу найрагч, соёл, нийгмийн зүтгэлтэн, сэтгэгч Сока Гайкай Интернэшнилийн Ерөнхийлөгч)
“Миний бие таны гэгээлэг сайхан (Гэрэлтэх агшин бүр” номын) сэтгэлтэй танилцаад гүнзгий сэтгэгдэл төрлөө. Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрч байгаа өнөө үед, “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх газар, амь насыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно.

Үнэхээр хүний сэтгэлийг хязгааргүй дэлгэрүүлэх “яруу найргийн дахин сэтгэлт” бол “хүний дахин сэргэлт мөн. Түүний төлөө яруу найрагчид босох ёстой. “Үг” гэдэг зэвсгээр зоригтой тэмцэх ёстой гэж бодож байна.

Шри Чинмой: (Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн, яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач, спортын дээд амжилтуудыг тогтоогч, төгс гэгээрсэн бясалгагч. АНУ)

Би таныг тэргүүн зэргийн яруу найрагч гэж үзэж байгаагаа нэмж хэлэхийг хүсч байна. Таны “Чам руу би явж байна” шүлэг миний зүрх сэтгэлд баяр бахдалыг төрүүллээ. Та бол “хайрын мөн чанар, мөнхийн дуугаа эрэгч” юм. та бол зөвхөн яруу найрагч төдийгүй Туйлын үнэнийг жинхэнэ хайгч юм. Таны хайртай Монгол оронд нэгэн сайхан өдөр уулзана гэдэгтээ би итгэж байна.

Кришна Ширнавас Дэлхийн Яруу Найргийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч
Дэлхийн Яруу Найрагчдын Их хурлыг үндэслэгч
“Яруу Найрагч” сэтгүүлийн үндэслэгч, эрхлэгч

Таны дур булаам шүлгүүд миний сонирхолыг татлаа / дур булаах. Таны шүлэг Чам руу би явж байна” бол үнэхээр шилдэг, МЯНГАНЫ ШҮЛЭГ байна. Би Яруу Найрагч сэтгүүлийнхээ 2006 оны 4 сарын дугаарт таны шүлгүүд болон Монголын бусад эрдэнэ болсон яруу найрагчдын шүлгүүдийг Монголоос ирсэн дурсалтай шүлгүүд гэж нэрлээд хэвлэх болно. Танай орны алдартай яруу найрагчид дэлхийн яруу найрагт тэдгээрийн баяр суурь амжилтанд хүрэх болно.
Би таны нэрийг Нобелийн шагналын жагсаалтанд оруулахаар хөөцөлдөх болно. Та үүнийг зүй ёсоор хүртэх ёстой.

Росемари С.Вилкинсон: (АНУ-ын яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн хүндэт ерөнхийлөгч) “Г.Мэнд-Ооёогийн “Нүүдэлчин одны үлгэр” зохиолын тухай

Өөдрөг сэтгэл санаагаар дүүрэн, өрөвдөн хайрламаар, Монгол руу эрхгүй хандуулсан нэгэн номыг уншлаа. Монгол хэмээх нээгдээгүй хосгүй ертөнц, маш удаан хугацаагаар нууцлаг далд байв. Энэ зохиол бидний мэдрэмжийг хурцалж, сэтгэл догдлуулж, нэг уншаад ханахгүй, дахин дахин уншмаар тун сонихролтой, итгэл үнэмшилтэй зохиол болжээ. Биднийг ерөөлөөр адислаж, орчуулга нь ч хүүхдүүдэд тохиромжтой, томчуудад ч гэсэн аз жаргалаа төгөлдөржүүлэхээс Г.Мэнд-Ооёо шиг дахин дахин тунгаан бодож, санал сэтгэлээ хүүхдүүдтэй тэгэж хуваалцмаар, маш энгийн тунгалаг бас, дэлхий нийтийн зөн совинг тод илэрхийлсэн, сонгодог хйиморлог зохиол болжээ. Энэ ном биднийг агуулгандаа тэврэн багтааж, сэтгэлдээ адислаж байна.

Росемари С.Вилкинсон: (АНУ-ын яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн хүндэт ерөнхийлөгч) Г.Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр” номын тухай

Г.Мэнд-Ооёо бидэнд өөрийн элгэн халуун эх орон - Монголын түүх, соёл, үндэсний уламжлал, утга зохиолын өв рүү бие сэтгэлийн аз жаргалыг баяр баясгалан төгс тэмээний нутагтаа зочлохын утга учрыг энэ номоороо өгч байна.
Барууныханы оюуны ертөнцөд үнэхээр чухал шал өөр соёл, мэдрэмж бүхий яруу найраг утга зохиолын бүтээлийг дэлгэсэн нь энэ номын гол танилцуулга болж байна. Яруу найраг бол үндэстэний сэтгэл зүрх бөгөөд яруу найраг дахь таны тэргүүлэлийг бодитой үргэлжлүүлж хамгийн сайн сургадаг зүйл юм.

Мита Ёо /Япон Улсын утга зохиолын “Юүсүрика” сэтгүүлийн 2006.IV сар
68 дахь дугаар

“Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм” хэмээн “хорвоо ертөнц”, “юмс”, “цаг хугацаа”, “оюун ухаан”, “бие” энэ бүхэн бүхлээрээ түүний шүлгэнд орон зайгаа олж цогцолжээ. Ийм бүхэл цогц, агуу чанарыг яаж үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Энэ шүлгэнд хүмүүний ичгүүр сонжуургүй байдал, тоомжиргүй зан, мэдээллийн сүлжээ дэх дэндүү амар хялбар бэлэн зэлэн амьдарлын төрх өчүүхэн ч тусгагдсангүй. Монголын хөх тэнгэр дор, сансар эрхэсийн эрхшээл дор яруу найраг, хүмүүн, уул ус нь ийнхүү зэрэгцэн оршином буй заа.. Магадгүй үдэш орой шүлэг яруу найраг нь одод түгсэн тэнгэр адил гялалзан төрдөг байхдаа.

Ши Чаоин /Белги Улсын Louvain Их сургуулийн доктор/
(Г.Мэнд-Ооёогийн “Цаглашгүй гэрэлт” шүлгийн түүвэрт сэтгэгдэл бичих нь)

Г.Мэнд-Ооёогийн шүлгийн түүврийг уншиж дуусахад миний сэтгэлд хамгийн түрүүнд буусан зүйл бол XX зууны нэрт философич Мартин Хэйдгерийн алдарт бүтээл болох “Ойн харгуй зам”/Holz wege/ -ын нэгэн үг байлаа. Тэрбээр “Энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам ямар үүрэгтэй вэ?” хэмээн өгүүлсэн байдаг.
Мэдээж Хэйдгерийн өгүүлсэн “энэхүү ээдрээтэй эрин үе” гэдэг нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технилогид гүн нэвчсэн одоогийн бид нарын амьдран буй энэ эрин үеийг хэлж байгаа юм. Учир нь өнөөдрийн энэхүү худалдаа арилжаа, шинжлэх ухаан, техник технологийн иргэншилд бид нарын нэвтрүүлж буй технилоги, арилжаа худалдааны бүтцийн хэлбэр түүний хэрэгжүүлэлт өдрөөс өдөрт улам нарийн төвөгтэй болох тусам амь амьдралаас биднийг улам бүр холдоход хүргэж байна. Өөрөөр хэлбэл “яруу найргийн” уг утга, мөн чанараас улам холдоход хүргэж байна…




Жой Райны Кинг (АНУ-ын яруу найрагч, CAVCO хэвлэлийн газраас 2006 онд хэвлүүлсэн Г.Мэнд-Ооёогийн “All Shining Moments” номонд бичсэн үгээс)

Би Г.Мэнд-Ооёгийн яруу найргйиг уншаад төрсөн өөрийн туйлын баяр баясгалангаа илэрхийлэхийг хүсэж байна.

Тэрбээр уншигчидыг өөртөө татах увидастай найрагч бөгөөд туурвил нь уншигчидад зохиолынхоо ертөнцөд орших хүслэнгийн өглөгийг түгээж, яруу найргийн оршихуйд нь дэлхий ертөнц илүү их гэрэл гэгээтэй сайхан болж харагдаж байна.

Тэрбээр надад үгээр урлахуйн үнэхээр хосгүй мэдрэмжийг бүрэн төгс мэдрүүлсэн бөгөөд үүнээсээ ч илүү ихийг бүтээнэ хэмээн найдан хүлээх итгэл төрүүллээ.


Ш.Сүрэнжав: (2003.1.14)
(Монгол Улсын төрийн соёрхолт. Ардын уран зохиолч. “Г.Мэнд-Ооёо байгалийн их хөг дуурсгагч” Өмнөтгөл. 2003.1.14)

Яруу найргийн дотоод увдисыг ухаарна гэдэг бол бурханаас заяасан зөн мэдрэмжтэй хүний зүрхлэх ажил мөн.
Үг гэгч нь навчис ю. Их навчистай модонд үр жимс тун бага боловсродог гэж Александр Поп хэлсэнчилэн Г.Мэнд-Ооёо ч өөрөө үг цөөтэй нэгэн агаад яруу найраг нь нь түүний дотоод сэтгэлийн гүн уярал, байгалийг сэтгэлээрээ танин мэдсэний хэрээр илрэн гарсан оюун бодлын долгис юм. Нэг үгээр хэлбэл Г.Мэнд-Ооёо байгалийн хөг дуурьсал шингэсэн зөөлөн аялгуут хүн-ятга юм.

О.Дашбалбар: (О.Дашбалбарын III боть. 364-365-хуудас 2005)

.... Г.Мэнд-Ооёогийн анхны томоохон шүлэг, анхаарал татахуйц найраг нь “Он цагийн хүрд” бөгөөд одоогоос арван жилийн өмнө бичсэн энэхүү бүтээл нь наяад оны найргийн өнгө аяс, мэдрэхүй, хэмнэл дүрслэл, гоо зүйг эхэлж тодорхойлсон юм.
... Чухам эндээс л наяад оныхны жинхэнэ найраг эхэлсэн юм. харамсалтай нь манай мулгуу судлаачид, урашгүй шүүмжлэгчид түүнийг эс анзаарсан бөгөөд наяад он төдийгүй ерээд оны найргийн аяс мэдрэхүй бүхэлдээ дээрх мөрүүдэд цогцолсныг анхаарахгүй байна.

.. Г.Мэнд-Ооёо сэтгэлийн байгалийг бидний үеийнхэнд эхэлж нээснийг мартах учиргүй.

... 1982 онд Яргайтын богинод бичиж тэр зунаа хэвлүүлсэн “УУлсын дүрийг тайлахуй” хэмээх гайхамшигт шүлгийг нь өнөө болтол утга зохиолын ертөнцөд нэг л анхаарсангүй. Бид ийм дүлий дүмбэд улс уу? Эсхүл санаатайгаар дуугүй байна уу? Уулс мянга мянган жилээр бодлогширч байна. Уулс өөрийгөө чагнаж, өөрийгөө өөрчлөн байна. Газар дэлхий мянган жилээр бас агшин бүрд шинэчлэгдэж байна. Ертөнцийн хувирал бүхэн шүлэгчийн мэдрэхүйд зурагдан, зөн совинг нь хөндүүрлүүлж байна. Мэнд-Ооёо шиг хүмүс үйлийн үртэй бөгөөд тэд тайзан дээрээс шүлгээ бусдад хүргэдэг уран уншигчид биш ээ. Тэд зөвхөн бичихийн л тулд заяасан юм шиг чимээ аниргүй, нам гүм бичсээр л... Тэднийг ойлгоход зуун жил хэрэгтэй. Өнөөдрийн хашгирагчид цаг үетэйгээ цуг “будаа болно”. Тэр цагт намуун уянга эзнээ олно. “Хүн ард зөвхөн бухимдлаа илэрхийлэн тайтгарах бус, гүн ухаанаар тайтгарах, яруу сайхнаар сэтгэхийг эрмэлзэх болно. Тэр цагт Нямсүрэн, Мэнд-Ооёогийн яруу найраг үнэд орж, Ахматаво, Фет, Явуухулан, Тютчев шиг бусдын сэтгэлийг эзэмдэх болно.

С.Эрдэнэ (Монгол Улсын ардын уран зохиолч) Монгол Улсын Төрийн Соёрхолын Хороонд 1996.04.25 бичсэн захидалын хэсгээс

....Г.Мэнд-Ооёо бээр яруу найраг болоод бусад нийтлэлүүддээ олныг нуршин улиглахыг чанд тэвчин гагцхүү хүн зонын оюун сэтгэхүйд гэрэл гэгээ авчрах тэр л нарийн шижмийг барьж авахыг хичээдгээрээ онцгой. “Алтан Овоо” бол эх нутгийн дуулал мөн. Пантейст ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ”

Таданори Мацуда (Утга зохиол судлаач, Ph.D) Япон /”Хоккайдо” сонин 1998.1.30/ “Оюун сэтгэлийн орон зай дахь шүлэгч”

Сүсэг бишрэлт, анир тайванлиг шүлэгч Г.Мэнд-Ооёогийн “Утгын болор сүм” шинэ түүвэр болор мэт цэмцгэр агаад тансаг санаа агуулсан энэ “сүмд” очсон хэн хүн оюун сэтгэлийн амирлангуй тайванг хүртэх болон. Шүлгийн түүврийг тайвшруулагч гэгээн сүмтэй зүйлэж болмоор....”

О.Сүхбаатар: (Хэл шинжлээч, утга зохиол судлаач, доктор, профессор) “Дарьгангын хөх шастир” (УБ 2004) 125-р тал

“Хий хоосон магтаал дэвэрэлтийн хойноос огтхон ч явдаггүй, байгаль угсаа, түүх соёл хэл газар нутгаа дээдлэх, уламжлалаа хойч үедээ үлдээж өгье гэж “сувдан сондор” хэлхсээр ирэгчдийн нэг нь Г.Мэнд-Ооёо мөн. Аливаа хүн нутагтаа бие нь төрснөөр ааш зан оюун бодол нь тэр л нутгаасаа эхтэй байдаг хийгээд аль нэгэн хүмүүний нутаг ямар байна, тэр хүн тийм байдаг. Тэр нь эх газар, эх нутагтайгаа хүйн холбоотойн гэрч.

Ш.Цэрэнпил: “Өнөөдрийн Монгол.2006.3.14.¹217/

Г.Мэнд-Ооёо буй бүхний жам ёсны байдал, чанад нууцлаг хэлхээ холбоо, тэдгээрийн үзэгдэх байдлын гоо сайхныг гайхалтай нарийн урлаж бичдэг найрагч юм. Тэр үндэснийхээ нэн өвөрмөц аж төрөхүй хийгээд тэр нь хөрст болоод хөхрөгчтэй хэрхэн холбогдон захирч байдгийг илэрхийлсэн шүлгүүдээрээ дэлхийд танигджээ.
Тэр бол сэтгэлгээний болоод дүрслэлийн яруу найрагч юм.

Лэслэй Кован-с зураач Ж.Мөнхцэцэгт 2005 оны 11. 11-нд бичсэн мэйлний хэсгээс:

… Яруу найргийн ном /Гэрэлтэх агшин бүр/ нь гайхалтай гоё юм байна. Үнэхээр сонирхолтой зүйлийг би олж мэдлээ. Яруу найраг нь агуу гайхалтай, бусад зүйлсээс маш ялгаатайг би уншаад мэдэрлээ. Яруу найрагч нь тэнгэр, огторгуй, байгалийн тухай олонтоо өгүүлсэн нь, аргагүй л Монголын онцгой шинж бизээ. Би Монгол дахь яруу найргийн дотоод хүүрнэлийн яриаг сонсож чадсан бөгөөд зөвхөн үүнийг л хүссэн билээ. Тэдгээрийн үг аялгуу нь үнэхээр гайхалтай байна гэж би бодож байна.

Доктор Имрэ П. Золдош (Унгар-Тайвань) Доктор Гомбожавын Мэнд-Ооёогийн Гэрэлтэх агшин бүр…шүлгийн талаар хэлэх чин сэтгэлийн үг .
....”Гомбожавын Мэнд-Ооёогийн “Гэрэлтэх агшин бүр…” шүлгийг уншсан хүн аяндаа “Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гардаг
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэгэхэд л мэндэлдэг”гэх суурь, түгээмэл үнэнийг лавтайяа ойлгож авах биз ээ. Үүнийг л их яруу найрагч бидэнд юуны түрүүнд хэлэхийг хүсчээ. Түүний шүлэгт бүхнийг гайхалтай энгийн даруу бөгөөд тод тодорхой байдлаар нарны гэрэлнээ авчирсан мэт. Энэ нь зөвхөн бурханд л байх тэр энгийн даруу бөгөөд тод тодорхой байдлыг санагдуулах аж.
.... яруу найрагч хүн бүтээл, ур чадвараараа гэгээрсэн хүмүүн, хуврага, яруу найрагчийн гэсэн 3-н үүрэг гүйцэтгэдэг гэж болно. Гэрэлтэх агшин бүр… үүний нэгэн гайхалтай баталгаа болж байна. Доктор Гомбожавын Мэнд-Ооёо танд баяр хүргэе. Та үүнийг хийж чадахаа энэ шүлгээрээ үзүүлэв. /2005 оны 5 сарын 19 Имрэ Золдош-оос/
Такис Иохандис /Грекийн яруу найрагч, орчуулагч/
Би таны номыг “тэмээ-ном” гэж нэрлэсэн, учир нь тэр намайг Монголын тал нутаг болон таны сэтгэл зүрхээр яг л амьд тээврийн хэрэгсэл шиг аялуулсанд байгаа юм.

Африкын хүмүүс тэмээг “Цөлийн хөлөг онгоц” гэж нэрлэдэг. Надад таны ном бол нэгэн “сэтгэл зүрхний хөлөг онгоц” юм. Учир нь тэр намайг Монголоор аялуулсан. Таны ном миний сэтгэл зүрхний хөвчийг хөндсөн.

Таны номын орчуулгыг хийж дуусаад би бас дахин нягталж үзлээ. Таны номонд байгаа нэгэн шүлгийг (I am coming to you) дахин харлаа. Түүнийг уншихад тэр шүлэг надад нэгэнтээ “Таки, энэ номыг хэдэнтээ хэвлэн гаргах болно. Би нэг хувийг худалдаж авахыг хүсч байна” гэж хэлсэн. Би бүгдийг уншиж сонирхсон. Тэр намайг баярлуулан жаргаасан.
Ирээдүйд таны өөр нэгэн номыг орчуулах боломж олдоно гэж найдаж байгаа. Тэр нь миний хувьд нэр төрийн хийгээд баяр баясгалан байх болно.

Яруу найрагч Имре Цолдос /Тайвань/
“Яруу найрагч Г. Мэнд-Ооёод болон түүгээр дамжуулан үзэг нэгт монголын зохиолчдод илгээсэн ил захидал” /Өдрийн сонин. 2005.1.26. /

Таны шүлгүүдийг уншаад надад өөрийн эрхгүй Унгарчуудад Петөөфи Шаандор ямар нөлөөтэй шиг та Монголчуудын хувьд тийм чухал хэмээх сэтгэгдэл төрсөн. Петөөфи Шаандорын хувьд энгийн нэг мод зүгээр л нэг хөдөлгөөнгүй зүйл огт бус. Энэ нь хатир бүжгээ бүжих Унгарын охид хөвгүүдтэй адил айзам хөдөлгөөн хийгээд их эрч хүчээр дүүрсэн байдаг. Энгийн нэгэн чулуу амьгүй биш, харин ч зуны аагим халуун, намрын ширүүн хуйсагнуур салхинд цамнах бөө шиг эргэлдэж, амьсгалж байдаг бөлгөө.

Шүлгүүдийг тань унших явцдаа байгалийн “нэгэн хэв” буюу бидний амьд байгалийг байсхийгээд л хэсэг таалан бахдах хэвшмэл дэг жаягаас бүүр ангид , эхийн хэвлийгээс өвгөдийн онгон хүртэлх бүхий л амьдралын хүрээг хамарч сэдвээ сэлгэн сонгох хурц чадварыг тань олж хараад үнэхээр бахдан баяссан билээ. Байгалийн үзэгдэлийг дангаар баахан өгүүлэх биш, харин ч ёстой горим ёсоор нь түүнээс даван гарч та чадсан байна. Цөөн хэдэн яруу найрагч л ингэж бичиж чаддаг юм. Намуухан болоод хархиран урсах гол горхи хийгээд ходоод нь хонгинох өлсгөлөн араатан ч таны сэтгэлийн учгийг татна. Нэн ялангуяа энхрий ялдам эх хүн зүрх сэтгэлийн тань чавхдасыг бүр ч илүүтэй хөглөнө. Сэтгэлийн тань цараанд юм бүхэн чухаг ажээ. Багажаа барьсан нүдний эмчтэй адил та жижиг сажиг зүйлийг хүртэл нарийн ширийн шалган үзэж оношоо тун гарамгай тогтооно. Шүлгийн тань бас нэг гайхалтай тал нь хорвоо дэлхийг тэр чигээр нь багтаах таны уужим талбиу сэтгэл! Гагцхүү Бурхан л юмсыг бүхэл цогцоор нь мөртлөө ялган салгаж харж чаддаг. Тэрбээр эс ширхэг бүрийг алдахгүйн зэрэгцээ энэ бүхнийг бүхэлд нь нэгтгэн цогцлоож харж чаддаг билээ.

! Эрхэм нөхөр, үзэг нэгт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо таны гайхалтай шүлгийг энэхүү яруу найргийн сэтгүүлийн тань нүүрэнд уриа болгон зоомоор санагдана. “Чам руу би явж байна” хэмээх энэхүү шүлэгт таны онгодоор зогсохгүй, миний бодохнээ, бид бүгдийн онгод сэтгэлийг гайхалтайгаар илэрхийлсэн учраас 2006 онд Монголд болох Дэлхийн Яруу Найрагчид, Соёлын Их Хурал угтаж энэ шүлгийг аль болох олон хүнд хүргэхийг та бүхэнд санал болгоё.

Онцлон тэмдэглэх нь: Энэ шүлэгт ямар нэгэн тайлбар хэрэггүй. Яруу найргийн сэтгүүлд үүнээс илүү сайхан ямар оршил байх билээ! Англи хэл рүү орчуулсан орчуулагчид баярлалаа. Шүлгийг орчуулагдсан хэлээр нь уншихад ч нэн таатай байна. Шүлгийн дахилтыг Одоо Үргэлжилж Байгаа Цаг дээр бичсэн нь тун ончтой санагдлаа. Энэ нь туурвин бүтээгчийн үнэн онгод сэтгэлийг илүүтэй тодотгож өгчээ.

Ш.Цэрэнпил: “Ноён Имрэгийн таашал ба Г.Мэнд-Ооёогийн гурван “дан” /2005.3.3./

“Өөрийн тань шүлэг бүрээс танай өргөн дэлгэр орон, таны унаж төрсөн газар, элгэн халуун монгол нутгийг өөрийн мэдэлгүй тодоос тод мэдэрч, төсөөлж харах шиг болсон. Хамгийн чухал нь тэнд ажиллаж амьдарч буй танай хүн зоны зүрх сэтгэл юм. Өнгө алагласан хээ хуартай дээл хувцас, ардын урлагийн олон төрлийн хэлбэр, энгийн уламжлалт зөв мэдрэмж, найрсал зохицол, тэгш хэм, хэмжээ, намжуу тайван болоод өөр бусад олон зүйлийг эрхэмлэн хайрлах сэтгэл бүгд нийлээд “энэ болгон чинь л өнөөгийн хүн төрөлхтөнд дутаад байгаа юм шүү дээ” хэмээн над руу хашгирах шиг болсон” гэж бичжээ.

... Г.Мэнд-Ооёо уул ус юугаа амидчилан авч үзэж, түүнд өөрөө шингэн найрсдаг. Түүний зөн мэдрэхүй эх дэлхий болоод гараг эрхсийн орчил эргэлдэж, түүнийгээ нээн илэрхийлдэг юм. Тэр бэлгэдлээр сэтгэж, амьд бүхний цаана бурханлиг чанар буй хэмээх буддын гүн ухаанд итгэж, энэ итгэлээ онцгой яруу дуурсгадаг юм.

П.Батхуяг: “Яруу найргаар ярилцахуй” УБ 2006.17-р хуудас

“....Таны нутгийн хоёр сайхан найрагч ертөнцийн жамаар нэгэнт алга болжээ. Гэхдээ таны бичсэн яруу найрагт “амьд” оршиж байна. Ичимхий ч юм шиг нүдтэй Эрээнцавын Нямсүрэнг та “сүүдэр гэрлийн дундах эртний бичигт чулуу шиг” хэмээн ямар гоё дүрслээ вэ? Мөн шөнийн шувууд очир алмаазан нүдтэй харагддагыг яруу найрагчдаас өөр хэн харахсан билээ.

Ш.Цэрэнпил: “Танигдахуй болоод эс танигдахуйн шастир” /Өдрийн сонин. ¹211(1713) 2004.08.26/

Г.Мэнд-Ооёо бол нийтлэлийн төрөл зүйл, өөр бусад загварт баригддаггүй, өөрийн зоргоор яруу тунгалаг болоод өрнүүн эрчлэг хүүрнэдэг өндөрт гарсан уран бүтээлч юм. Нийтлэлийн хэл, найруулах арга, бүтээлээ ур чадвар үзэл санааны хувьд нэгэн багц болгодог соёл нь түүнийг бүх талаар тэгширч, ааг бяр нь ханасан бүтээлч болохыг харуулж байх шиг.

Г.Мэнд-Ооёо бол Монгол ахуйг дэндүү барим тавим амьд, дэргэд авчирдаг бүтээлч юм. Түүнээс шууд л хуурын татлага дуурсч, морь тургин дөрөө харших сонсогдож, аргалын утаа үнэртэн, хэсэг цагаан манан суусан уулын толгой үзэгдэнэ. Тэр бол үйл хөдлөл, үзэгдэх байдлыг эерүү зөөлөн гэгээлэг дуниартай, сэнгэнэсэн алслалтай бас халуун дулаахан дотор талтай нь хамт цогцлоодог байна.


Д.Бадрах. “Юм бүхэн таны тулд найрсан оршино” /Улаанбаатар. 1996.06.26. ¹122 (1054)

....”Хэл найруулга, урлах чадварын хувьд бидний үеийнхэн Г.Мэнд-Ооёогоос суралцах ёстой гэж боддог. Түүний шүлгүүдийг уншсаны дараа сэтгэлд уран зураг мэт дүр амилдаг нь яруу найрагчийн дүрээр илэрхийлэх ур чадвартай холбоотой биз ээ.

Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм.

гэж бичсэнд яруу найрагчийн амьдралын утга учир оршдог хэмээн бодном. Бусдын хүртэж, мэдрээгүй далд ертөнцийг гоо сайхнаар сэрж мэдрэх нээх зовлонт эрлээр яруу найрагчийн амьдрал дүүрэн авай.

Бичил сансар – хүн хийгээд үлэмж том гариг эрхис, оддын хүрээлэнгийн гүнд найрагчийн зөн совин нууцыг илрүүлэгч тэмтрүүл мэт самнаж, яруу сайхны эрдэнэсийн санг нээнэм. Бидний дотоод ертөнц, сансар эрхэсийн алинд нь илүү нуцц оршиж байна вэ? гэсэн асуултанд хүн төрөлхтөн хариу эрсээр, үе үеийн яруу найрагчдын нээхийн утган хэлхээнд Г.Мэнд-Ооёо найрагч

Түмний дундаас ширтэх харц намайг нээнэм
Түүнд би яаж хандахаас өөрийгөө нээнэм

хэмээн бичиж үлдээвэй.

Т.Очирхүү: “Алтан Овоо хэмээх судар буюу хүлгийн айзамт ном бүтээгчийн тухай” /1994.1.11. “Ил Товчоо” сонин /

.... “Алтан Овоо” хэмээх энэ судар бүхэлдээ гүйлгэн харчих төдий ном бус бодож судалж үзмээр, бас ч уншигчийн мэргэжил чадал сорихоор буурьтай бүтээл болжээ гэж үзэг нэгт залуу нөхөртөө баярланам.
Судрыг уншижээ суухад зохиолчийн эх хэлний болон төрөлх соёл түүхийн мэдлэг, нутаг усныхаа өвгөд хөгшидөөс ихийг сонсож мэдсэн нь харагдаж байна. Чухамхүү “мөсөн уул” онол ёсоор зохиолч мэдэж байгаа бүхнээрээ ном бүтээсэн бус, бичсэнээсээ ч илүүг мэдэж байгаа нь мэдрэгдэж басхүү баярланам.

Ж.Болд-Эрдэнэ: Гангын нэгэн сондор /”Ил товчооч” сонин 1996.6.11-20 ¹ 17 (201)

... Монгол эр хүн, монгол морь, монголын тал, морин хуур, талын алтан хараацай, алтан нар, Алтан Овоо нь түүний яруу тансаг шүлгүүдэд нь нэвт шингэсэн. “Алтан Овоо” нэртэй хөлгөн судар нь Монголын яруу найрагт шинэчлэл болсон.
Хар багаасаа сонсож дэргэд нь уйлж дуулсан өссөн аавынх нь хорин хуур түүнийг жинхэнэ их талын яруу найрагч болгожээ. Сонгодог яруу найргийн эмх цэгцтэй уянга хэмнэл дүүхэн шүлэглэлт, гярхай зураглал, ончтой дүрслэл, зан заншилдаа хичнээн үнэнч уламжлал, домог үлгэрийн нандин цуглуулга нь энэхүү номыг нэгэн цогц болгон зангиджээ.

Д.Төрбат “Асаж урсдаг мөрөн” хөрөг нийтлэл

“Түүний шүлгүүд гол мөрөн намуухан урсаж буй мэт ихэмсэг атлаа дөлгөөн. Өнгөндөө тайван хэдий ч гүндээ шатаж буй мэт санагддаг юм. Ер яруу найрагч өөрөө ч тийм юм.

Ш.Уянга “Гэрэлт хүмүүний босгосон бодь Алтан Овоо / Улаанбаатар 1994.07.01. ¹125 (584)

Би “Алтан овоо”-ны тухай эрэгцүүлэн бодном. Сүүдэрт ном олноор төрөх болсон харанхуй бүрэнхий энэ цаг дор “Алтан овоо” үнэхээр гэрэлт номуудын нэг мөн болжээ. “Алтан овоо” миний сэтгэлийн төвд сүндэрлэлээ. Ийм ном олон олноор төрж, номын гэрэл чуулсаар галт бөмбөлөг болон дээш мандаж, энэ цагийн үеийг гийгүүлэн гэгээрүүлэх нь гарцаагүй. Гэрэлт номыг гагцхүү гэрэлт хүн бүтээмой. “Алтан овоо” – н дээрээс би ертөнцийн бүхий л уулыг харж зогсном.

О.Дашбалбар: Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо /Бодлын солбицол 1993.2.8-16 ¹7, 8 (71, 72)

“Орчлон ертөнц надад найрсан нуугднам”, “Ирээгүй үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм” гэж бидний үеийнхний яруу найргийн зорилгыг Г.Мэнд-Ооёо тунхаглаж, тэр замаар ч бид явсан бүлгээ. Түүний бичсэн “сэтгэлийн байгаль” гэдэг тансаг шүлэг бидний бүх номны оршил, удиртгал болж, тэрхүү сэтгэлийн байгальдаа хүрэх гэж бид бүхэн өөр өөрийн замаар тэмүүлсэн юм. Д.Нямсүрэн энэ сэдвээр бүхэл бүтэн ном бичсэн бөгөөд Г.Мэнд-Ооёо шиг түүнд нөлөөлсөн нь үгүй. Минйи “Гол ус намуухан урсана” түүвэр ч Г.Мэнд-Ооёогоос эхтэй бүлгээ. Д.Цогт түүнийг “ард талдаа зогсож буй хүний үс салхинд сэвэлзэхийг андахгүй мэдрэх яавхдас” гэж нэрлэсэн юм.

Ши Чаоин /Белги Улсын Louvain Их сургуулийн доктор/
(Г.Мэнд-Ооёогийн “Цаглашгүй гэрэлт” шүлгийн түүвэрт сэтгэгдэл бичих нь)
2006. Тайвань

“ ...Г.Мэнд-Ооёогийн шүлгийн түүврийг уншиж дуусахад миний сэтгэлд хамгийн түрүүнд буусан зүйл бол XX зууны нэрт философич Мартин Хэйдгерийн алдарт бүтээл болох “Ойн харгуй зам”/Holz wege/ -ын нэгэн үг байлаа. Тэрбээр “Энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам ямар үүрэгтэй вэ?” хэмээн өгүүлсэн байдаг.
Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн түүврийн эхний шүлэг болох “Нээхийн утгын хэлхээ” шүлгийг уншаад яруу найрагч бидэнд өнөөдрийн энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам юу хийж чадах талаар нэгийг бодогдуулам санаа олж авлаа.
Иймд яруу найрагч болон яруу найргийн бүтээл нь “хүний мөн чанар” дотоод ертөнцийг тайлан илэрхийлэхэд оршиж байна. Түүнчлэн яруу найраг нь “эх байгал” руу хөтлөн хүргэж байна. Үүнээс “бодит байдал” ба “мөрөөдөл”-ийн хоорондын ялгааг тунгаан бодох буйзаа. Магадгүй энэ нь яруу найрагчийн бидэнд илэрхийлж буй “ мөхөшгүй гэрэлт” тэр ертөнц болов уу


Ёо Мита “Яруу найраг бол ертөнцийн гэрэл гэгээ”
(Япон Улсын утга зохиолын “Юүсүрүка” сэтгүүлийн 2006.IV сар
68 дахь дугаар)

“Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм” хэмээн “хорвоо ертөнц”, “юмс”, “цаг хугацаа”, “оюун ухаан”, “бие” энэ бүхэн бүхлээрээ түүний шүлгэнд орон зайгаа олж цогцолжээ. Ийм бүхэл цогц, агуу чанарыг яаж үгээр илэрхийлэхээ ч мэдэхгүй байна. Энэ шүлгэнд хүмүүний ичгүүр сонжуургүй байдал, тоомжиргүй зан, мэдээлэлийн сүлжээ дэх дэндүү амар хялбар бэлэн зэлэн амьдарлын төрх өчүүхэн ч тусгагдсангүй. Монголын хөх тэнгэр дор, сансар эрхэсийн эрхшээл дор, яруу найраг, хүмүүн, уул ус нь ийнхүү зэрэгцэн оршином буй заа.. Магадгүй үдэш орой шүлэг яруу найраг нь одод түгсэн тэнгэр адил гялалзан төрдөг байхдаа.

Яруу найргийн долгионлог, бурханлаг хүчийн талаарх Мэнд-Ооёогийн илгээлт нь соёл, иргэншлийн дунд гүн нойрсон буй бидний шүлгийн мөн чанарыг таниулж, аюулаас сэрэмжлүүлэх хонхны дуу мэт цууриайтан сонсогдох шиг боллоо.

“Чам руу би явж байна.
Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийн бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгөн
Хайрын охь мөнхийн дуугаа эрсээр
Чам руу би явж байна. “

/Мэнд-Ооёогийн “Чам руу би явж байна” шүлгийн хэсгээс/

“Бүхнийхээ дээж найраг”, “зүрхэн дэхь өөрийнхөө чавхдас”, “Хангил их бартаатай халил жим” хэмээх эдгээр мөртүүдээс яруу найрагчийн найрагчаараа бахархах үзэл, яруу найргийн тэнгэрлэг мөн чанарын талаар өгүүлсэн нь миний анхааралыг онцгой татлаа. Энэ шүлгэнээс харахад түүний зүрх сэтгэл дэхь тэрхүү тэмүүлэлд нь ямар ч эргэлзээ тэнээглэлзээ байхгүй бөгөөд зүрх сэтгэл, яруу найраг нь нэгэн нь цэгт уусан нэгдэж байна. Тийм ч учраас энэ газар нутагт яруу найраг нь байнга бадамлаж байдаг болов уу? Чам руу гэж хэн руу хандсан юм болоо? Сансар хорвоо, байгаль дэлхийн үнэн чанарыг таниулах тэр нэгэн зүйл ч юм болов уу?



Кае Морий (Японы яруу найрагч) “The Wind With Me” номондоо бичсэн өмнөтгөлөөс

Г.Мэнд-Ооёогийн яруу найргаас бид, өнөө үейн Японд алга болсон энэрэнгүй зөөлөн урин дулаан сэтгэл халуун бүлээн илч гэгээг мэдэрсэн юм.


Проф. С.П.Гурапаран (Энэтхэг Улсын Ченнайн улс төрийн шинжлэх ухааны коллежийн багш) Г.Мэнд-Ооёогийн “Хүмүүн төрөлхтөний цуурай” хэмээх Тамил хэлээр хэвлэгдсэн номын хэвлэн нийтлэгчийн үгээс.

Хэдийгээр би түүнтэй биеэр уулзаж байгаагүй ч гэсэн яруу найргаар нь түүнийг мэдэх боллоо. Г.Мэнд-Ооёо бол байгальтай гүн шүтэлцсэн хүн бөгөөд түүний яруу найраг нь байгалиас ангид бус. Байгаль бол түүний хамгийн гаршсан зүйл хэмээн хэлэх нь илүү зохино.


Ph.D. В.М.Ситураман: (Энэтхэг – Тамил яруу найраг)
Г.Мэнд-Ооёогийн “Хүмүүн төрөлхтөний цуурай” хэмээх Тамил хэлээр хэвлэгдсэн номын өмнөх үгээс:

...Түүний шүлгүүд гүнзгий нарийн утга санаатай ба ард түмний анхааралыг татхуйц гайхалтай юм.


Жураж Кюнак: (Словакын яруу найрагч)

“Чам руу би явж байна” хэмээх энэ сайхан шүлгийг Словак хэл дээр орчууллаа. Словак хэл дээр ч гэсэн сайхан аялгуутай буусан гэж бодож байна. Өөртөө чангаар уншихад таны энэ шүлэг намайг монгол орон руу хөтөлж, монгол хүмүүсийн зүрх сэтгэлд ойр аваачиж байв.

Доктор Руф Вилдэс Шэлдэр (АНУ) Энэтхэгийн “Яруу найрагч” сэтгүүлийн 2006 оны ¹6, 5-р хуудас

Би “Яруу Найрагч” сэтгүүлийн 2006 оны 4-р сарын дугаарыг уншаад маш сайхан санагдлаа. Монголын яруу найрагч Гомбожаьын Мэнд-Ооёогийн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” хэмээх шүлгийг би анхааран харлаа. Надад энэ шүлэг маш их таалагдлаа

Ж.Моханы (Энэтхэгийн яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн одоогийн ерөнхийлөгч)“Монголын яруу найраг” шүүмж судлалын илтгэлээс:

Түүний шүлгүүд үнэхээрийн сэтгэл хөдөлгөм. Эмерсоны хэлсэн шиг энэ найрагч бол үнэхээр гайхалтай найрагч.

Тэрбээр үнэхээр гайхалтай, тайлагдашгүй. Яруу найрагч өөрийн хүсэл зоригоос илүү ихэд тэмүүлж, чингэхдээ чухам өөрийн хүсэл зоригоос ургасан билиг авъяасаар бүтээн туурвидаг.

Түүний амьдралын зорилго бол түүний “Хуучин сүмийн дээгүүр саран мандахад” хэмээх шүлэгтээ хэлсэг шиг “Зүрх сэтгэлээсээ, бурханы гэрэл цацруулахын эгээрэл” хүсэл нь юм.

Ямар агуу сэтгэлгээ вэ?


Н.Энхтөр: “Монголын орчин үеийн дууны яруу найраг дахь судлал” 2004. УБ. 44-р төл

Г.Мэнд-Ооёогийн “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны шүлэгт ... хүн төрөлхтөний оршин байх анхдагч үндэс болсон “эх дэлхий – эх хүний бүүвэйн дуу” хоёрыг зэрэгцүүлэн, нэг нэгэнд нь сүлжилдүүлэн хөнцөлдүүлж холбосноороо энх тайван амьдралын өвөрмөц хүчтэй уриа дуулал болсон гэж болно.

Д.Өрнөхдэлгэрэх:

“Шинэтгэл саран хийгээд шинэчлэгч найрагч” (Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” түүвэрт хийсэн зарим ажиглалт шүүмжээс)

“...түүний зарим шүлгүүд нь уншигчийг сэрээн цочроох, их холыг санагдуулах ер бусын санаа, хүч элбэг. Энэ нь хүмүүсийг шинэчилж, өөрчилж, шинэ ухаарал, учралд хөтлөхийн зэрэгцээ тийм гэхийн аргагүй нандин бодол, дурсамж руу оруулдаг увдис...- Г.Мэнд-Ооёогийн “Тэнгэрийн хяанаас нүүдэлчин айсуй” (УБ 2002) түүвэрт багтсан туурвилуудад хандахдаа, монгол яруу найргийн уламжлалт сэтгэлгээг хөгжүүлсэн, үлгэр авсан гэх зэрэг үнээлэмжүүд өгөх нь буруу юм. Харин уран зохиолын сэтгэлгээнд хүн төрөлхтөний дотоод нандин сэтгэлгээг хөндөн, яруу найргийг “зөөлөн ай”-гаар баяжуулсан уран бүтээлч болох талаас нь авч үзвэл илүү үнэнд ойр юм.

Утга зохиол судлалын “A New Method” төв
(Гөрөөсөн мэлмий” болон бусад судалгаа)
2004. УБ. 106-р тал

Thursday, November 15, 2007

Алтан инээмсэглэл

Роберт Л.Несс /Америкийн яруу найрагч/

Алтан инээмсэглэл
Г.Мэнд-Ооёод

Чиний алтан инээмсэглэл намайг дулаацуулдаг
Чичрүүс хүргэм арван хэмийн хүйтэнд ч
Авралт Жанрайсигийн авшиг оршихуйн таалалд
Арван жингийн ариг үүлс ч бас намайг дулаацуулдаг

Чиний энх алтан инээмсэглэл намайг сэрэмжлүүлдэг
Чичирхийллийн арван мянган балл-д ч
Авралт Жанрайсигийн дотоод оршихуйд багтахад
Арван мянганы ариг цагаан үүлс ч намайг сэрэмжлүүлдэг.

Цаглагшгүй түүхт монголын олон түмэн
Цагийн зүүний тойргоор нар зөв алхаж
Алгаа хавсран бурханд наминчилж
Ариуслын гэгээн дуу мөрөөр нь урсаж байна.

Чиний алтан инээмсэглэл намайг дулаацуулдаг
Чиний инээмсэглэлийн алтан хүрээнд би багтдаг
Аглагийн чинадах шатаар нь бид өгсдөг
Аврал нигүүлсэхүйн орноо Жанрайсигийн мэлмийд амар амгалан оршдог

Чиний энэ алтан инээмсэглэл намайг сэрэмжлүүлдэг
Хоёр мянган ламыг эрүүдэн тарчлаасан
Хосгүй ариун бурхадыг чинь егүүтгэн булшилж
Чиний түгшүүрт яриа намайг сэрэмжлүүлдэг.

Хал үзсэн тэрхүү инээмсэглэл намайг сэрэмжлүүлдэг
Халхын талд тэгэхэд хүлэг морин уралдаж
Яруу найрагчид болон уран барималчидтай уулзаж байхад
Яг тэр ариусахуйн оронд... бурханы таалалд би оршдог.

Хал үзсэн инээмсэглэл намайг дулаацуулдаг
Халуун нөхөрлөлийн гэгээн үгсээ солилцож байхад
Хөөргөө зөрүүлж танай заншлаар тамхилж суухад ч
Хөглөг яруухан тэр инээмсэглэл намайг дулаацуулдаг

Өлийн овоон дээр цэнхэр хадаг дарцаглахад
Өр зүрх цээжинд яг адилханаар лугшихад
Өөр өөрийн орондоо сүлд тугууд минь намирахыг
Өвч сэтгэлдээ бид цугтаа мэдрэхэд
Өлзийт алтан инээмсэглэлийн адистэд оршдог.

2006.9 сар Улаанбаатар

Wednesday, November 7, 2007

Имрэ Принс Цолдос - Яруу найрагчийг призмтэй адилтгам

Доктор, профессор
Имрэ Принс Цолдос /Унгар-Тайван/

Яруу найрагчийг призмтэй адилтгам

Мөргөл залбиралын их хүчинд миний бие гүнээ итгэдэг буюу. Залбирах бүрийд улмаа илүү эрч хүч ундарч, онгод ухаарал, итгэл найдвар, олон сонин төсөл санаа сэтгэлд төрмүй. Хөл толгойгоо алдсан энэхүү харгис хорвоо дээр үзэж харж, сонсож, дуулсан олон гайхалтай сайхан зүйлсийг дурсан санах ч үе ч олон. Гэгээн бурхан биднийг гэрэлт энэ хорвоод жаргалаар дулимаг гундуу амьдрахыг хүсээгүй нь лавтай.

Ертөнцийн зовлон зүдгүүр цөм ерөөс бидний сохор богино бодол, аминч зан, шунал, тэвчээргүй байдал, тогтворгүй сэтгэл санаа бүхнээс үүсэлтэй болой. Буддын, Христын, Хинди, Лалын шашинууд бүгдээрээ энэ бүх уй гашуу, зовлон зүдгүүрийг намжаахын төлөө байдаг. Эдгээр шашинууд Марксын хэлсэн шиг “ард түмнийг хордуулагч хар тамхи” тун биш юм. Харин хүн төрөлхтөний жинхэнэ эм нь билээ. Амьдралыг туулж, байгаа байдлаар нь хүлээн авахын зэрэгцээ хүнд хор хүргэхгүй, үнэнч шударгаар амьдарч, хэдий хэцүү байлаа ч үнэнийг дуулж байхыг бидэнд номлодог билээ. Энэ л чухамдаа бидний хамгийн гол зорилго. Энэ бүхнийг таны шинэ номонд мөн олж харлаа. Энэ бүхнийг та бүргэдийн нүд шиг хурц нүдээрээ олж харж илэрхийлсэн нь юутай бахдам. Тан шиг ийм найрагчийг агуу гарамгай найрагч гэх буюу. Туйлын өөдрөг үзэл чинь мөн энэ бүтээлд тод харагдаж байна. “Алтан Овоо” бид бүхнийг өөдрөг сэтгэлтэй байж, энэ дэлхий дээр, цаашлаад бид өөрийнхөө төрөлх оронд буй гоо үзэсгэлэн, сайн сайхан, үнэт нандин зүйлсийг устгаж үгүй хийлгүй, буруу замаар будаа тээхгүй байхыг ойлгуулж мэдрүүлсэн чанга санамж болой. Тэрээр бурханы бүтээл болох энх тунх байдлыг илүү гүн гүнзгий ойлгохыг бидэнд харуулмой. “Алтан Овоо” зүрхэнд минь баяр баясгалан, сэтгэлд минь хөөр баяслыг авчирмой. Өнгөрсөн жилийн есөн сард монголд очихдоо мэдэрсэн тэр бүх халуун дулаан уур амьсгалаар зүрх сэтгэл маань бялхаж байна. “Алтан Овоо” ном англиар нь ч бай, монголоор нь ч бай уншсан бүхний сэтгэлд тэр л халуун дулаан гал дөлийг үргэлжийн асааж бадрааж чадах бүтээл болжээ. Англи хэлнээ орчуулсан орчуулагчид мөн энэхүү чухал бүтээлийг олж орчуулахад цаг заваа гаргасанд талархан халуун баяр хүргэе. Энэхүү номын үгс элгэн нутаг нэгтэн та бүгдийн эх нутаг эх орноо гэсэн үнэн сэтгэл зүрхний хайрыг уншсан болгонд мэдрүүлэх нь гайхалтай. Монголчууд та бүхэн төрсөн нутаг усандаа эхийн хүйгээр холбоотой ажгуу.
Гагцхүү тань шиг агуу найрагчид л шүлэг найргаараа бүгдийн оюун санааг өндөрт өргөж, энэ бүхнийг бусадтай хуваалцаж чадах юм гэдэг нь бидэнд ойлгомжтой. Энэ бол “Алтан Овоо”-ны агуу гавъяа мөн болой. Тиймээс дахин баяр хүргэе. Биеэ сайн бодоорой. Таны төлөө болон Монголын бусад авъаяслаг найрагчдын төлөө би үргэлж залбирсаар байх болно. Дэлхийн өөр өнцөгт амьдардаг ч гэлээ тантай яруу найргийн ахан дүүс болсондоо туйлын их бахархнам. Бидний амьдран буй хорвоо дэлхий нийгэм улс төр,, эдийн засаг, гэр бүл, сэтгэл зүй, хувь хүний дээд бүхий л төрлийн зовлонт асуудлаар дүүрэн байгаа ч, энэ бүхний дунд эрх чөлөөний төлөөх хүсэл, шударга ёс, энх тайван байдал, таарамж нийцэл, сэтгэл хангалуун байдал, аз жаргалын төлөөх нэгэн санаа зорилго маань биднийг холбогч утас жим болдог юм. Өөрсдийн соёл заншлыг хадгалж чадсанаараа л бид хэвээрээ үлдэж чадах бус уу, Жан Коктоу нэгэнтээ “Яруу найрагчид бол Үнэнийг үргэлж хэлдэг Худал юм” гэж хэлсэн буй. Яруу найрагч бүр Жан Коктоугийн хэлсэн үгийг тусган биелүүлж туурвих нь зүйтэй юм. Энэхүү зүйрлэлд яруу найрагчийг призмтэй адилтган хэлжээ. Найрагчийн зүрх сэтгэл дэх Туйлын үнэн нь призм /= яруу найрагч/-ээр нэвтрэн орох өнгөгүй буюу цагаан гэрэл мэт ажгуу. Призмийн нөгөө талаар гарч ирэхдээ ихэнхдээ энэхүү өнгөгүй гэрэл маань шүлэг найргийн уншигч бүрийн сэтгэлийг булаах өнгө алагласан баглаа цэцэг мэт болон гарч ирмүй. Шүлэг найраг, туурвил бүтээл болгон тань ийм л увидасаар үргэлжийн дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Бурханы ивээл бат орших болтугай.


2007,10,30
www.mendooyo.blogspot.com

Орчуулсан С.Сумьяа /Голланд/

Imre P Zsoldos - to Golden Hill

...I believe in the power of prayer, I get energezied each time when I pray, I am filled with new insights, inspirations, hopes and plans. I can reminisce all the beauty I experienced in this mad and cruel world. I cannot accept that God wants us to be unhappy on earth. All the sufferings are somehow related to our shortseeing, egotism, greed, uncontrolled passions, impatience, restless mind and heart. Buddhism, Catholicism, Hinduism and even Islam and all the religions aim at soothing these pains and doleful tribulations, they are certainly not "opium for the people" as Marx thought but real medicine, the best medicines we care have to somehow face life and accept it as it is, but with the relolute and strong intention too, to improve it, make it a better world, at the place where we are, where we work and not to do harm to anybody, be just, tell the truth even if it hursts sometime. This is our most important task. This is what I find in your new book also. You are such a great and absolutely first class poet. You have such a sharp eagle eye to notice this and express it in such a way that it irradiates all the optimism of your heart. Your "Golden Hill" is a loud shrill to us all that we can be still feel optimistic and never should go downhill into a morass or a chaotic overkill of the beauty, goodness and other treasures we can find around us in the world, especially in our native country but everywhere where we look and try to understand deeper the idyll of God's creation. Your "Golden Hill" gives me such a joy of thrill (this is what I can say in all sincerity even if I have read only a part of it yet.) My heart in filled with that incredible warmth which I have sensed in Mongolia last September. Your book will keep this fire and flame warm forever in our heart and all who have the chance to read it not just in Mongolian but even in the English translation as well. The English translator deserves all the praises and congratulations for finding time and choosing the most appropriate words to make everybody feel that you and your compatriotes love your country with all their heart, mind and soul. You are attached to your native country like an embryo to his/her mother's heart, womb or uterus.
Generally speaking we can see, in reading a poem, very fast that only genuine poets like you can perk us to have this highly elevated spirits and feelings and share it with others. This is the great merit of your "Golden Hill". So congratulations again...

Imre P Zsoldos
2007.10.28